Арваннэгдүгээр сарын 8 болон 26-ны өдрүүдэд хуулийн дагуу бүх нийтээр амарна.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдрийг Их эзэн Чингис хааны өдөр болгон тэмдэглэдэг бөгөөд энэ өдөр нь арваннэгдүгээр сарын 8-ны пүрэв гаригт таарч байна. Энэ жил Их эзэн Чингис хааны мэндэлсний 856 жилийн ой тохионо. Жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг энэ өдөр “Чингис хаан” одонгоор шагнадаг. Мөн хүчит бөхийн барилдаан болдог уламжлалтай.
Харин арваннэгдүгээр сарын 26-ны даваа гаригт Улс тунхагласны өдөр тохиож байгаа ба энэ өдөр мөн бүх нийтээр амрах заалттай юм.
Арваннэгдүгээр сарын 26-ны өдөр бүх нийтээр амрах заалтыг 2016 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн хоёрдугаар бүлгийн 4-р зүйлд нэмж оруулсан бөгөөд 2016, 2017 онуудад амралтын өдөр таарсан билээ.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар Монголчууд жилийн турш найман баярыг 1-5 хоног бүх нийтээр амарч тэмдэглэдэг байна.
Нийтээр тэмдэглэх баярын өдөрт:
- Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: 7 дугаар сарын 11, 12, 13, 14, 15
- Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3
- Шинэ жил: 1 дүгээр сарын 1
- Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр: 3 дугаар сарын 8
- Хүүхдийн баяр: 6 дугаар сарын 1
- Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр: 12 дугаар сарын 29
- Их Эзэн Чингис хааны өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1.
- Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын 26 оржээ.
Ингээд арваннэгдүгээр сард 2 өдөр бүх нийтээр амрах юм байна. Харин Монголчууд бүх нийтээр тэмдэглэх баярын өдөрт жилд нийт 14 өдрийг зарцуулж, амарч өнгөрөөдөг байна.



