Засгийн газрын тогтоолоор Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын орчинд ухаалаг гар утас ашиглахыг 10-р сарын 1-ны өдрөөс хязгаарлахаар болсон. Тэгвэл уг тогтоолыг хэрэгжүүлэх журмыг БСШУСЯ-наас баталсан байна.
Уг журамд зааснаар тогтоолын хэрэгжилтэд сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч хяналт тавьж ажиллана. Хүүхдүүдийг цахим халдлага, донтолт, гадуурхлаас сэргийлэх, эрүүл мэнд, амь насыг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, сурах идэвхийг нэмэгдүүлэх, хүүхдүүдийн чөлөөт цагийг үр ашигтай өнгөрүүлэх, нийгмийн бодит харилцаанд оролцох боломжийг нэмэгдүүлэх зорилготой авч буй арга хэмжээ юм.
Дэлхий нийтэд мэдээлэл харилцааны технологи хөгжихийн хирээр хүн амын дунд нийгэм эдийн засгийн харилцааны салшгүй нэг хэсэг нь болоод буй гар утасны хэрэглээ хүүхэд залуучуудын дунд мөн тэр хэмжээгээр олон сөрөг үр дагаврыг бий болгож байгаа нь төрөөс зайлшгүй бодлогын зохицуулалтыг шаардаж байгаа юм.
Гар утасны өндөр давтамжит цахилгаан соронзон туяа нь хүүхдийн эсийн хөгжилд сөрөг нөлөөтэй учир 12 нас хүртэлх хүүхдэд аюул ослоос бусад үед гар утас хэрэглүүлэхгүй байхыг олон улсын эрдэмтэн судлаачид зөвлөсөөр байна.
Харин энэ журам хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нээлттэй. Учир нь сургалттай холбоотой тусгай шаардлага гардаг байна.
Онцгой шаардлагатай үед сурагчдын эцэг эх сургалт явуулж буй багш нарын гар утсаар дамжуулан хүүхэдтэйгээ ярьж болохоор тогтоолд тусгасан байна.
Багш нарын утас нээлттэй тул яаралтай үед эцэг эхчүүд багш нартай нь сургалтын үеэр холбогдож болно. Хичээл, цэцэрлэг тарах үед ухаалаг утас, түүнтэй адилтгах төхөөрөмж нээлттэй байна.



