Монголын багш нарын өдрийг тохиолдуулан өнөөдөр Төрийн ордонд БСШУСЯ, УИХ-ын НББСШУ-ны байнгын хороо болон Ахмад багш нарын холбооноос "Монголын ахмад багш нарын хүндэтгэлийн дурсамж уулзалт"-ыг тав дахь жилдээ зохион байгуулсан.
Гэвч уг арга хэмжээнд оролцож байсан 87 настай иргэн амьсгал хураасан харамсалтай хэрэг гарчээ. Хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Төрийн ордонд болж буй арга хэмжээнд оролцож байсан нэгэн ахмад багш гадны нөлөөгүй нас барсан нь үнэн. Одоогийн байдлаар хэргийн газрын үзлэг хийгдэж байгаа учир үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй" гэв.
Нас барсан иргэн нийслэлийн Багануур дүүргийн харьяат, 87 настай, эрэгтэй С байсан бөгөөд тэрээр Багануур дүүргийнхээ ахмад багш нарыг төлөөлөн Төрийн ордонд ирээд байсан аж. Түүний биеийн байдал тавгүйрхэх үед уулзалт зохион байгуулагчид яаралтай тусламж үзүүлж, түргэн тусламж дуудсан ч эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан байна.



