Бага насны хүүхдүүд хүчирхийлэл өртсөн хэргүүд шил дараалан гарч нийгмийн бухимдлыг маш ихээр төрүүлж байна. Үүнийг эсэргүүцсэн иргэд хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг жагсаалыг энэ сарын 31-нд орон даяар зохиох гэж байна.
Улсын ерөнхий прокурорын газраас ирүүлсэн мэдээлэлд дурдсанаар 2015-2016 онд улсын хэмжээнд 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртжээ. Энэ нь зөвхөн хууль хяналтын байгууллагад бүртгэгдэж шалгагдсан бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн тоо бөгөөд үүнээс гадна хичнээн хүүхэд бие сэтгэлээрээ хохирч байгааг тоолж, тодорхойлсон судалгаа өнөөдөр байхгүй байна. Харамсалтай нь эдгээр хүүхдийн 48 хувь нь гэр бүл, ураг төрлийнхөө хүний хүчирхийлэлд өртөн бүх насаараа бие махбод, сэтгэл санааны гүн шархтай үлдсэн байна.
Сүхбаатарын талбайд болох Хүүхдийн хүчирхийллийн эсрэг тайван жагсаалд урлаг соёл, спортынхон нэгдэж буйгаа илэрхийлсээр байгаа юм. Нийгмийг цочроосон энэ хэргүүд хэрээс хэтэрч байгаад иргэд ихэд бухимдалтай байгаагаа илэрхийлж "Хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаал" Фэйсбүүк групп үүсгэж гурав хоногийн дотор 300 гаруй мянган гишүүнтэй болжээ.
Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа, гавьяат тамирчин Д.Отгондалай, жүжигчин Н.Ялалт, УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэбилэг, Г.Амгаланбаатар, жүжигчин найруулагч Б.Тамир, Ж.Алтаншагай, М.Баярбат, Люмино хамтлаг, Ice top хамтлаг, дуучин A Cool, Энхсайхан, загвар өмсөгч С.Төгс зэрэг олны танил уран бүтээлчид, тамирчид нэгдэнэ гэдгээ илэрхийлсээр байна.
Тус тэмцэлд Улаанбаатар хотод байгаа иргэдээс гадна орон нутаг, гадаад амьдарч буй иргэд ч оролцохоо мэдэгдээд байгаа юм.
Ой найман сартай хүүхдийг хүчиндсэн байж болзошгүй хэрэг Дорноговь аймгийн Замын-Үүд хотод гарсан. Хэрэгт холбогдсон этгээдийг баривчилсан бол хүүхдийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байна.
Өнөөдөр хүүхдийг эндлээ гэх мэдээлэл нийгмийн сүлжээгээр явж байгаа бөгөөд энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад "Хүүхэд эндээгүй. Эмчлүүлж байна. Шүүхийн шинжилгээний хариу гараагүй. Урьдчилсан байдлаар хүчиндсэн гэх дүгнэлттэй байна." гэжээ.
Нийгэмд энэ мэт аймшигтай хэрэг удаа дараа гарч байгаад иргэд сэтгэл зовниж, хуулиа чангатгахыг шаардахаар хүүхдийн хүчирхийллийн эсрэг бүх нийтийн жагсаалыг зохион байгуулахаар болжээ.
Урьдчилсан байдлаар ирэх бямба гараг буюу гуравдугаар сарын 31-ний өдрийн 11 цагт товлоод байна.
Харин өршөөлийн хууль хүчирхийлэгчид үйлчилдэггүй болгох нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Энэ нь ч зөв юм.
Бас нэг хэсэг нь “Аймшигт хэрэг гарах болгонд иргэд хэдхэн хоног хэрэгтнийг цаазал гэж бухимдаад чимээгүй болдог. Тиймээс одоо үйлчилж байгаа хуулиа чангалж, хууль бодитоор үйлчилдэг болгохын төлөө жагсъя” хэмээн уриалж байна.



