Багш нарын ажил хаялт тэмцлийн дараагийн шатандаа шилжлээ. Сүхбаатарын талбай дээр “Багшаа дээдлээгүй төр нурсан балгастай адил”, “Бид өрнөөс өрийн хооронд амьдарсаар байна. Төсөвт тодотгол хий”, “Багшаа дээдэлж боловсролоо хөгжүүлье” гэх зэргээр багш нарын цалинг нэмэгдүүлэхэд уриалсан уриа лоозон барьсан багш нар сургууль, цэцэрлэгээрээ хуваагдан сууцгаажээ. Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос (МБШУҮЭХ) багш нарын цалинг нэмүүлэхийг Засгийн газраас шаардан суулт зарласан юм.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ажил хаялтад 130 сургууль, цэцэрлэг нэгдээд байгаа аж. МБШУҮЭХ-ноос мэдээлж буйгаар ажил хаялтад нэгдсэн сургууль, цэцэрлэгийн тоо цаашид өсөх хандлагатай байгаа гэв. Түүнчлэн ажил хаялтын хүрээнд тавьж буй шаардлагыг талууд зөвшилцөх юм бол ажил хаялт зогсож, хүүхдүүд хичээлдээ явах боломж бүрдэнэ гэж байлаа. Ажил хаялтад өнөөдрөөс хөдөө орон нутгийн сургуулиуд нэгдэж буй бөгөөд нийт 174 сургууль ажил хаяхаа мэдэгдээд байгаа ажээ. Зохион байгуулагчдын зүгээс ажил хаялтыг удаан үргэлжлүүлэх хүсэл багш нарт байхгүй гэдгийг илэрхийлсэн юм.
Сүхбаатарын талбайд цугларсан нийт багш нар хоёр хуваагдаж Сангийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад шаардах бичиг хүргүүлэхээр болсон.
Засгийн газраас таван удаа багш нарын цалинг нэмэх шийдвэр гаргасан
Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзаж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд нь хэлэлцээрийн ширээнд суусан ч хэлэлцээр амжилтгүй болсон талаар МҮЭХ тодотгосон юм. Засгийн газраас 2018 онд багшийн цалин, орлогыг нэмэгдүүлэх нийтдээ 5 шийдвэр гаргасан гэж буй.
Тухайлбал,
-БСШУС яам /2018.01.01/: Багш нарын улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг 60 хувиар тогтоож олгох чиглэлийг Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт өгсөн.
-БСШУС яам /2018.01.01/: Сургууль , цэцэрлэгийн хэмнэгдсэн зардал, нэмэлт орлогыг урамшууллын зардалд шилжүүлэн бүрэн санхүүжүүлэх чиглэлийг Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт өгсөн.
-Засгийн газар /2018.09.01/: Багшийн цалинг 8-14 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан.
-Засгийн газар /2018.09.01/: 2018 оны 9 дүгээр сард багш нарт нэг удаагийн урамшуулал 300 мянган төгрөг олгуулах шийдвэрийг гаргасан.
-Засгийн газар /2018.09.01/: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын хэмжээнд 74911 ажилтан, албан хаагч цалингийн өсөлтөд хамруулах шийдвэр гаргасан.
Үнэн хэрэг дээрээ багш нарын цалин нэмэгдээгүй
Багш нарын цалинг энэ онд дээр дурдсан байдлаар таван удаа нэмсэн гэх боловч бодит байдал дээр цалин нэмэгдээгүй гэдгийг багш нар хэлж байна.
Харин 122 дугаар цэцэрлэгийн багш, бүлгийн дарга Ц.Баялаг “Засгийн газраас анх удаа СӨБ-ын багш нарын цалинг анх удаа 12.3 хувиар нэмсэнд багш хүний хувьд маш их баярласан. Гэхдээ цэцэрлэгийн ажилчид бүгд л ачаалалтай ажилладаг. Тэгтэл зарим хэсгийг нь найман хувиар зарим хэсгийг нь 12.3 хувиар нэмж байгаад бухимдал үүссэн. Нийслэлийн хэмжээнд есдүгээр сарын 6-наас 34 цэцэрлэг ажил хаялтад нэгдсэн байсан боловч өнөөдөр 10 цэцэрлэг болж буурсан. Үүнээс СӨБ-ын байгууллагад шат шатанд дарамт байна гэж харж байна. Манай цэцэрлэгт ажилладаг үйлчлэгчийн цалин 373000 төгрөг. Цалингаа хоёр хувааж авна, татвараа төлөхөөр нэг удаа гар дээрээ 50, 60 мянган төгрөг л авч байгаа. Цэцэрлэгийн багш нар цаг наргүй ажилладаг. Олон жил ажилласан миний хувьд 608000 төгрөгийн цалинтай. Бодит амьдрал дээр хүрэлцээ муу. Ийм учраас манай цэцэрлэг ажил хаялтад хамгийн түрүүнд нэгдсэн” гэв.
Есдүгээр сургуулийн ҮЭХ-ны дарга Д.Наранчимэг “2017 оноос хойш багш нарын цалин нэг ч хувиар нэмэгдээгүй. 2017 онд Төрийн албан хаагчдын орлогыг нэмэгдүүлэхээр нөхөн олговор цалингийнх нь 8-14 хувийг олгоно гэсэн. Түүнээс цалин маань 8-14 хувиар нэмэгдчихээд байгаа юм биш. Ажлаа хийж буй багш нар л үүнийг ярина уу гэхээс хөндлөнгийн хэн нэгэн үүнийг мэдэхгүй шүү дээ” гэсэн юм.
Ажил хаялтад нэгдэх цэцэрлэгүүдийн тоо нэмэгдэнэ
Цэцэрлэгийн багш нар ажил хаялтад оролцохгүй байгаа нь мэдэгдэлтэй холбоотой гэнэ. Багш нар цэцэрлэгийнхээ захиргаанд таван өдрийн өмнө мэдэгдэл хүргүүлэх ёстой аж. Гэвч зарим цэцэрлэгийн багш нар ажил хаялт эхэлснээс хойш мэдэгдлээ хүргүүлсэн учраас таван хоногоо гүйцээж байж ажил хаялтад нэгдэх юм байна. Гэвч өнөөдрийн суултад нийтээрээ ажил хаяагүй ч төлөөллөө явуулсан цэцэрлэгүүд байгааг зохион байгуулагчдын зүгээс хэлж байсан.
Г.Адъяа: Багш нарын цалинг нэмэхэд энэ ондоо 24 тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн тооцоо гарсан
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга багш нарын тэмцэлд оролцож байх үеэр нь цөөн асуултад хариулт авлаа.
-Багш нарын ажил хаялт үргэлжилж өнөөдөр суулт хэлбэрээр үргэлжилж байна...
-Өнгөрсөн жил багш нар нэг, хоёр өдөр ажил хаяж байсан. Яагаад ажил хаялт явагдаж байна вэ гэхээр хамтын гэрээ хэлэлцээрийг Засгийн газар хэрэгжүүлэхгүй байгаатай холбоотой. Тиймээс хамтын маргааны хамгийн эцсийн хэлбэр болох ажил хаялтад багш нар хүрээд байна.
-Засгийн газраас багш нарын цалинг энэ ондоо нэмэх боломжгүй гэж байгаа. Багш нарын хувьд цалингаа нэмүүлэх боломж, гарц байгаа гэж үзэж буй. Ямар гарц байна вэ?
-Мэдээж хэрэг аль ч улс оронд Засгийн газар нь боломжгүй л гэнэ. Боломж бий. Шийдвэрлэх гарц байна гэдгийг багш нар өөрсдийнхөө төвшинд хэлэлцээд шаардлага гаргаж тавьж байна. Засгийн газраас маш их мөнгөний их үүсвэрийг гаргадаг. Өнөөдөр л гэхэд Улаанбаатар хотын захиргаа нүүх зардлыг 97 тэрбум төгрөгөөр баталлаа гэж байна.
Багш нарын цалинг нэмэхэд энэ оны үлдэж буй хугацаанд нийтдээ 24 тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн тооцоог ажлын хэсэг гаргасан. Үүн дээр нэгдээд ярилцвал шийдвэр гаргах боломжтой гэж үзэж байна.
-Ажил хаялтад нийт сургууль, цэцэрлэг оролцоогүй байгаа. Ажлаа хийж буй багш нарыг татан оролцуулах уу?
Манай ажил хаялтад оролцож байгаа сургууль, цэцэрлэгийн багш нарт эздийн дарамт ирж байна. Нийт сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар одоо тэмцэж буй багш нар шиг багш байсан улс. Тиймээс улс төрчдийн заавраар багш нарыг дарамтлахаа боль, эсэргүүцэлд оролцож буй багш нарт эрхээ эдлэх боломжийг нь соёлтой олго, та бүхэн өнөөдөр удирдах албан тушаал хашиж байгаа ч хэзээ нэгэн цагт буцаад багш болно. Тийм учраас багш нарын хуулийн хүрээнд хийж буй тэмцлийг хүндэтгэ гэж хэлмээр байна.



