Засгийн газар төрийн албан хаагчдын цалинг 8-30 хувиар нэмэх шийдвэр гаргасан ч МҮЭХ болон багш нарын зүгээс энэ удаагийн нэмэгдлийг “хангалтгүй” хэмээн үзэж ажил хаялт зарлаад долоо хонож байна. Багш нарын цалин нэмэх боломж төсөвт хэр байгаа талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас тодруулахад "Цалин нэмэх асуудлыг бид нэлээд удаан хугацаанд ярьж байж шийдсэн. 8-30 хувиас илүү хэмжээгээр нэмбэл эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө нь их” гэсэн байна. Сайд хэлэхдээ:
-Үйлдвэрчний эвлэлийн шаардсанаар цалинг 50 хувиар нэмнэ гэвэл Засгийн газар өр тавихаас аргагүйд хүрнэ. Өр тавих нь улсын төсөвт ямар хэмжээний дарамт учруулдагийг бүгд мэднэ. 2012 оны нэгдүгээр сарын 1-ны байдлаар Монгол Улс авсан зээлийнхээ хүүд 37 тэрбум төгрөг төлдөг байсан. Гэтэл одоо Сангийн сайдын ажлыг авснаас хойш 1.4 их наяд төгрөгийг зөвхөн зээлийн хүүд төлдөг болсон байна. Монгол Улсын нийт тэтгэврийн сангийн хэмжээ 1.7 их наяд төгрөг. Ахмадуудын тэтгэвэр, бусад тэтгэвэр тэтгэмжтэй бараг тэнцэх хэмжээний мөнгийг зөвхөн зээлийн хүүд төлж байсныг тодорхой хэмжээгээр бууруулж, төсвийг цэгцлээд явж байна.Тэгэхээр дахин цалин нэмнэ гэдэг нь өрийн хэмжээ их байгаа энэ үед хүнд. Засгийн газар байгаа бүх боломжоо ашиглаад цалин нэмсэн. Засгийн газарт үүнээс өөрөөр цалин нэмэх боломж байхгүй" гэлээ.
Дашрамд сануулахад, Үйлдвэрчний эвлэлийн зүгээс Засгийн газар төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхдээ ялгаварлал гаргасан (төрийн албан хаагчид болон эрүүл мэндийн салбарынхны цалинг 8-30 хувь, соёл урлагийн салбарынхны цалинг 8-27 хувь, БСШУ-ны салбарын цалинг 8-12,3 хувь) хэмээн үзэж, эсэргүүцэл илэрхийлээд байгаа.
Б.ЗАЯА




Сэтгэгдэл (1)