Дэлхийн Хараагүйчүүдийн Холбооны Ази Номхон далайн бүсийн чуулган 4 жил тутамд зохион байгуулагддаг юм. Энэ удаагийн чуулган Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод 2018 оны 9 дүгээр сарын 09-12-ны өдрүүдэд “Нoliday inn” зочид буудалд болох гэж байна.
Уг чуулга уулзалтанд дэлхийн хараагүйчүүдийн холбооны ерөнхийлөгч болон, Ази номхон далайн бүсийн 18 улсын хараагүйчүүдийн байгууллагын удирдлага, хараагүйн чиглэлээр үйл ажилагаа явуулдаг олон улсын донор байгууллагын төлөөлөл 100 гаруй зочид төлөөлөгч оролцох аж.
Түүнчлэн Монгол Улсын ерөнхий сайд У. Хүрэлсүх, ХНХ-ын сайд С.Чинзориг болон албаны 30 гаруй хүн уригдан оролцож Монгол Улс Хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ хэрхэн анхаарал хандуулж байгаа талаар мэдээлэл хийнэ.
Төрийн 2 дахь шатлалын нэгжид үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын мэргэжилтнүүд оролцон хараагүй иргэдэд зориулсан тусгай үйлчилгээ гэж юу болох, дэлхийн улс орнуудын төр засгийн зүгээс уг үйлчилгээг хэрхэн хүргэдэг талаар мэдлэг хуримтлуулах, манай улсын хараагүй иргэдээс хот хөдөөгийн 100 гаруй төлөөлөл оролцож дэлхийн сайн туршлагаас суралцан монголын хараагүй иргэдийн амьдралд бодитоор нэвтрүүлэх боломж бүрдэх юм.
Монгол Улсын хэмжээнд 16,000 харааны бэрхшээлтэй иргэн байдаг. Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалахаар улс бүс тив дэлхийн ижил төстэй байгууллагуудтай нягт уялдаа холбоотой ажилладаг байна.
Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо /МХҮХ/ нь хараагүй иргэдийн боловсрол, хөдөлмөр эрхлэлтийг дэмжин соёл урлаг, спорт, эрүүл мэнд, өглөг буяны чиглэлээр төрөл бүрийн үйл ажиллагаа явуулж, гишүүдийнхээ эрхийг хамгаалах, нийгмийн харилцаанд оролцоход нь бүх талын дэмжлэг үзүүлэх зорилготой ашгийн бус, төрийн бус байгууллага юм.



