Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Сангийн далай нуурт үхсэн 3216 шувууны сэг зэмийг устгасан байна. Шувууд олноороо үхсэн тухай дуудлага энэ сарын 15-ны өдөр ирж аймгийн Онцгой байдлын алба хоёр ээлжээр ажиллан бүрэн устгаж дуусжээ.
Үхсэн шувууны 63 хувь нь ангир, 11.4 хувь нь цахлай, 19.3 хувь нь нугас, зургаан хувь нь бор галуу, 0.2 хувь нь болжмор байжээ. Сэг зэмийг Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторид шинжлүүлэхэд ямар нэгэн өвчнөөс болж үхээгүй гэдгийг тогтоосон байна. Анхан шатны дүгнэлтээр нуурын ус болон идэш, тэжээлтэй нь холбоотой байж магадгүй гэсэн байна. Шувуудын сэг зэмийг устгах ажилд аймгийн Онцгой комиссын сангаас 3.2 сая орчим төгрөг зарцуулжээ.



