Соёлын сайд Ч.Номин Парламент телевизийн "Ярих өнцөг" нэвтрүүлэгт орох үедээ барууны орнуудын талаар зэрлэг капиталитсууд хэмээн ярьсан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна. Тэрээр нэвтрүүлгийн үеэр "Барууны орнууд чинь зэрлэг капиталистууд. Өөртөө юу ашигтай байна тэнд орж ирнэ. Тэгэхээр бид хууль эрх зүйн орчныг нь тодорхой болгож өгч, Монголд орж ирвэл ашигтай шүү гэдэг суурийг тавих байсан. Тиймээс миний хамгийн түрүүнд хийсэн зүйл бол Кино урлагийг дэмжих тухай хууль дээр маш түргэн ажилласан. Энэ хууль дээр тэр зэрлэг капиталистуудыг орж ирэхэд Монгол Улсыг сонирхолтой болгох заалтуудыг маш их оруулсан" хэмээн ярьсан юм.
Google-ээс Зэрлэг капитализм буюу Savage capitalism гэх үгийг хайвал хамгийн эхэнд гарч ирсэн тайлбарт "Хувийн эд баялагт хэт төвлөрч, нийгмийн санаа бодлыг завхруулж, гуйвуулдаг, иргэдийг төлөөлдөггүй, дуу хоолойг нь сонсдоггүй тогтолцоог зэрлэг капитализм гэнэ" гэж тодорхойлжээ.