Гэрийнхээ гаднаас алга болсон 5 настай охиныг хоёр хоног хайсны эцэст олжээ. Охиныг 37 настай эмэгтэй 2018 оны наймдугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны дэвсгэрт хулгайлан авч явж байхад нь Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид баривчилжээ.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас "2018 оны наймдугаар сарын 19-ний өдөр 20 цаг 30 минутад Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын жижүүрийн утсанд “манай 5 настай охин гэрийнхээ гадаа тоглож байгаад алга боллоо” гэсэн дуудлага мэдээлэл ирсэн.
Үүний дагуу Дархан-Уул аймгийн цагдаагийн газар, Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтэс, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид улсын хэмжээнд хоёр хоног эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулж 5 настай охин “Э”-г оллоо.
5 настай охин “Э”-г 37 настай эмэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хан-Уул дүүрэгт оршин суух иргэн “Б” нь, 2018 оны наймдугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны дэвсгэрт хулгайлан авч явж байхад нь Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид илрүүлэн баривчилсан байна.
Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа ба одоогоор охины биед гадна харагдах гэмтэл шарх, сорви байхгүй байна гэв.



