Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан болж хуралдаанаар хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах үүднээс дугаарын хязгаарлалтад түр өөрчлөлт орууллаа.
Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачаалал ихэсдэг. Замын цагдаагийн газраас ачааллыг бууруулахаар зарим уулзвар дээр гэрлэн дохиог өөрчлөх, ачааны машинуудын хөдөлгөөнийг зарим газарт хязгаарлах, Нарантуул, Хархорин зэрэг том худалдааны төвүүдийн орчмын замын хөдөлгөөнийг багасгах зорилгоор зарим ажлуудыг хийж байгаа аж. Мөн том оврын автомашинуудыг өдрийн цагаар зорчих хөдөлгөөнийг хязгаарласан байна.
Замын цагдаагийн газраас энэ сарын 25, 26-ны бямба гарагт авто машины улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оруулахаар төлөвлөсөн бөгөөд 18-ны бямба, 19-ний ням гаригууд болон есдүгээр сарын 1-нд дугаарын хязгаарлалт хийхгүйгээр зохицуулахаар болжээ.




