Өчигдөр буюу гуравдугаар сарын 19-ны өдөр иргэн Б гэх эмэгтэй 16-ийн Баянзүрх захаас мах авахаар орсон гэнэ. Тэрээр махны худалдагчийн бүдүүлэг байдлаас нь болж үйлчлүүлэхээс татгалзахад нь хуваалгасан махаа заавал худалдаж ав хэмээн хутга барин сүрдүүлж 30,000 гаран төгрөгийн махаа хүчээр борлуулсан гэнэ. Энэ явдлын талаар худалдан авагч Б-ээс тодруулснаа хүргэж байна.
-Олон нийтийн газар заналхийлэлд өртсөн гэлээ. Энэ талаараа тодруулаач?
-Манай ээж ходоодны хавдрын хагалгаанд орсон болохоор тос, өөхгүй мах авчих санаатай 16-ийн Баянзүрх худалдааны төв рүү очсон юм. Ажлаа тараад очсон, зах оруулсан үйлчлүүлэгчдээ арын хаалгаар гаргаж, гол хаалгаа барьчихсан байсан. Бараг надаас өөр үйлчлүүлэгч байхгүй байсан үе. Би гурав орчим килограмм өөхгүй мах авахаа хэлж худалдагч нь килограммд нь хүргэх гэж хоёр гурван удаа махаа хуваасан юм. Гэтэл хажуунаас нь өөр нэг худалдагч гарч ирээд нэмж зүсээд өөхтэй мах өгөх гэхээр нь “наад худалдагчид чинь би өөхгүйг авна гэж хэлсэн юмаа, өвчтэй хүнд өөх тосгүй мах хэрэгтэй байгаа юм” гэж учраа хэлсэн. Гэтэл өнөөх худалдагч уурлан “өөхөнд дургүй юм бол ялгаад хаяхгүй юу” гэсэн. Би худалдан авагч хэрнээ заавал хүнд загнуулах шаардлагагүй шүү дээ. “Тэгвэл би наад махыг чинь авахаа болилоо” гэж буцаад явсан. Энэ үеэр лангууныхаа араас өнөөх худалдагч үсэрч гарч ирээд цустай гараараа гадуур хувцаснаас маань татаж эргүүлээд “авна гэж зүсүүлсэн юм бол ав” гэсэн. “Яагаад наад мах цус болсон гараараа хүний биед хүрч байгаа юм” гэж уурлахад өөдөөс “чиний зүсүүлсэн махыг хэн авах юм” гэх зэргээр уурлаж хараасан.
-Тэгээд тэр махын нь авчихсан юм уу?
-Уг нь би авахгүй гэдгээ хэлсэн. Элдвээр хэлүүлэн байж өөрөө хүсээгүй бараагаа авах шаардлага байхгүй шүү дээ. Гэвч нэг гартаа хутгаа барьчихсан өөдөөс орилоод, бусад худалдагчид нь ч гэсэн тал талаас “аваач чи”гэж хашгирч байсан. Тэр үед худалдан авагч бараг харагдахгүй, хүнгүй шахам байсан болохоор өнөөх худалдагч өөрийн талын хүн олон байгаад бардсан уу, “чамд заавал өгөх болно” гэж хэлээд зуурсан. Ингээд хоёр гурван хүн над руу дайрахаар нь айсандаа махаа аваад гарсан. Гэртээ хариад өөхийг нь ялгахад килограмм гаруй болж байна билээ.
-Энэ талаараа цагдаад гомдол гаргасан уу?
- Ажил төрөлтэй, өвчтэй хүн асарч байгаа хүнд зарга хийгээд яваад байх боломж алга. Гэхдээ биеээ хамгаалах чадваргүй харагдаж байгаа эмэгтэй хүнийг заналхийлж, дарамталж болдог гэх ойлголт олон хүнд байдаг нь харамсалтай. Цагдаад гомдол гаргаад явбал явах л байх. Зөрчлийн хууль, дарамталсан сүрдүүлсэн гээд заргалдаад явбал тэр худалдагчийн ард бас л нэг гэр бүл байгаа. Өмнө нь ч зах худалдааны төвөөс мах худалдаж авахад зарж буй махныхаа доогуур өвдөл цөвдөлөө шургуулаад өгчихсөн л байдаг. Тэр бүхэнд ер нь хэн ч заргалдаад явдаггүй шүү дээ. Гэхдээ яаж ч бодсон хүн авахгүй гээд байхад хутга барин сүрдүүлж байж махаа зарна гэж юу байх вэ дээ. Миний хувьд дахин тэр газраар үйлчлүүлэхгүй. Бусад хүмүүст сэрэмжлүүлэг болгох үүднээс үүнийг ярьж байгаа юм.
Б.Энх



