Ерөнхий сайд У.Хүрэлсүх хурдан морины өвлийн уралдааныг хориглосон тул Монголын морин спорт, уяачдын холбооноос жил бүр зохион байгуулдаг Дүнжингаравын өвлийн уралдаан энэ жил завсарласан билээ.
Гэвч энэ сарын 18-нд зохион байгуулсан шөнийн уралдааны үеэр 16 хүүхэд мориноосоо унаж, гурван хүүхэд хүнд хэлбэрийн бэртэл авсан байна. Мөн шөнийн уралдааны үеэр үзэгдэх орчны хязгаарлагдмал байдлаас болж хоёр хүүхэд морьтойгоо машин мөргөсөн тухай Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас мэдээлсэн.
Шөнийн цагаар хурдан морины уралдаан зохион байгуулсанд олон нийт уяачдын холбооны тэргүүн, УИХ-ын дарга М.Энхболдыг буруутган шүүмжилж байна. Харин энэ талаар УИХ-ын дарга М.Энхболд өөрийн твиттер хуудсаар дамжуулан хариулт өгчээ.
Тэр энэ үеэр гадаадад томилолтоор ажиллаж байсан тул хурдан морины уралдаан зохион байгуулахад оролцоогүй гэв. Мөн уралдаан зохион байгуулсан комиссийн өмнөөс ард иргэдээсээ уучлал хүссэн байна.
Б.ЗАЯА




