"Төрийн түрээсийн орон сууц" хөтөлбөр хэрэгжсэнээс хойш 82,3 тэрбум төгрөгийн орон сууцыг түрээсийн санд шилжүүлснээр улсын хэмжээнд 1512 айл төрийн түрээсийн орон сууцанд амьдарч байна.
Засгийн Газрын 2015 оны 248-р тогтоолоор баталсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт тусгахдаа “2015-2021 оны хооронд 20 мянган өрхийг түрээсийн орон сууцанд хамруулна” гэжээ.
Гэтэл одоогийн байдлаар 1512 айлыг л түрээсийн орон сууцаар хангасан байгаа нь дээрхи хөтөлбөрт тусгасан тоотой харьцуулахад хангалтгүй үр дүн гэдэг нь харагдаж байна.
Төрийн түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийг 10 хоногийн хугацаанд бүртгэхэд л 5000 орчим иргэн хүсэлтээ гаргасан байгаа нь хямд төлбөртэй түрээсийн орон сууцны эрэлт их байгааг харуулж байна.
Барилга Хот Байгуулалтын сайд Х.Баделхан "Буянт-Ухаа-2" хороололд ажиллаж, түрээсийн орон сууцанд амьдарч байгаа иргэдийн санал бодлыг сонсохын зэрэгцээ дуусаагүй байгаа 972 айлын орон сууцны барилга угсралтын ажлын явцтай танилцлаа.
2014 онд барилга угсралтын ажил нь эхэлсэн боловч 2016 оны 5 дугаар сард санхүүжилтгүйн улмаас зогссон 18 барилга байгаа бөгөөд эдгээрийг ашиглалтанд оруулснаар 972 айл "Буянт-Ухаа-2" хорооллын түрээсийн орон сууцанд амьдрах нөхцөл бүрдэх юм.
Барилгын ажлыг цааш үргэлжлүүлж дуусгахыг бүх талаар дэмжихээ салбарын сайд илэрхийлээд, "Түрээсийн орон сууц хөтөлбөр"-ийг тасралтгүй үргэлжлүүлэхтэй холбоотой хөрөнгийн эх үүсвэр, судалгааны ажлуудыг шат дараатай авч хэрэгжүүлэн удахгүй үр дүнг танилцуулна гэлээ.
Нийслэлд болон аймгуудад ТОСК-ийн захиалгаар баригдаж байгаа, дуусаагүй, 60-аас дээш хувийн гүйцэтгэлтэй 1562 айлын орон сууцны санхүүжилтэд шаардагдах 56,8 тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлэж, 2018 онд ашиглалтанд оруулах үүрэг даалгаврыг Ерөнхий Сайд У.Хүрэлсүх холбогдох албан тушаалтнуудад өгч байсан юм.
Цаашдаа "Төрийн түрээсийн орон сууц хөтөлбөр" хэрэгжээгүй байгаа аймгуудад судалгаа хийж, эрэлт, нийлүүлэлтийн үндсэн дээр шинэ төсөл эхлүүлэхээр төлөвлөжээ.
Бодит худалдан авалтаар баталгаажсан эрэлт цөөн байгаа энэ үед, төрийн орон сууцыг түрээслэнгээ өмчлөх хувилбарыг хэрэгжүүлэхийг зорилтот бүлгийн иргэд хүлээж байгаа юм.
ТОСК-ийн захиалгаар баригдаж байгаа орон сууцнуудын санхүүжилтийг яаралтай шийдэж өгөх юм бол, энэ онд улсын хэмжээнд 1562 айлын /үүнээс Буянт-Ухаа-2 хороололд 972 айлын/ түрээсийн орон сууц бэлэн болохоор байна.
Эх сурвалж: SHINEBAIR.MN



