Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор төрийн далбааны өдөртэй болох хуулийг нэр бүхий гишүүд 2008 онд санаачлан батлуулсан билээ. Төрийн далбааны өдрийг жил бүрийн долоодугаар сарын 10-нд, улсын баяр наадмын өмнөх өдөр тэмдэглэж байхаар хуульчилж, 2009 оноос эхлэн тэмдэглэдэг болсон.
Энэ өдрийн хүрээнд цэргийн ёслолын жагсаал өнөөдөр 10:00 цагт Сүхбаатарын талбайд ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болно. Ёслолын жагсаалд Зэвсэгт хүчин, цагдаа, хилийн цэрэг, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цэргийн алба хаагчид оролцоно. Монголчууд Төрийн далбааны өдрийг 10 дахь жилдээ тэмдэглэх гэж байна.



