Хуульч зөвлөж байна
Манай улсад жил ирэх бүр гэр бүл салалтын тоо олширч буй бөгөөд түүнээс үүдэн гарах асуудал нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг буюу хүүхдийн тэтгэлэг төлөхтэй холбогдсон асуудал юм.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасан. Гэвч өнөөдөр гэр бүл салсан тохиолдолд эцэг, эх нь хүүхдийн тэтгэлгээ хугацаандаа төлөхгүй байх, эсвэл шүүхийн шийдвэрт заагдсан мөнгөн дүнгээc илт багаар төлөх асуудал түгээмэл байна.
Тохиолдол 1: А нь шүүхийн шийдвэрийн дагуу 12 настай хүү Б-дээ 1 сар бүр амжиргааны доод түвшингөөр буюу 192,000 мянган төгрөг хүүхдийн тэтгэлэг болгож өгөх ёстой.Гэвч А хүүхдийн тэтгэлэгийг шүүхийн шийдвэр гарсны дараах 4 сар орчим хугацаанд өгч байснаа түүнээс хойш 5 сарын хугацаанд өгөөгүй.
Тохиолдол 2: Д нь шүүхийн шийдвэр ёсоор 9 настай охин Ц-дээ 1 сар бүр амжиргааны доод түвшингийн 50 хувиар буюу 96000 мянган төгрөг хүүхдийн тэтгэлэг болгож өгөх ёстой.Гэвч Д нь эхний 3 сар орчим хугацаанд бүтэн төлж байснаа сүүлрүүгээ сар бүл 20000, 30000, 25000 мянган төгрөг гэх мэтчилэн төлдөг болсон.
Дээрх 2 тохиолдолын аль нэг нь таньд тохиолдож буй бол наашаа анхаарна уу. Хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ: 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээтэй тэнцүү байна.
Хэрвээ таны нөхөр тань хүүхдийн тэтгэлгээ хугацаандаа төлөхгүй байх, эсвэл шүүхийн шийдвэрт заагдсан мөнгөн дүнгээc илт багаар төлж байгаа бол Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.”Тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн, цалин хөлс, бусад орлогоо нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол шүүх тэжээн тэтгүүлэгч, бусад иргэн, холбогдох байгууллагын нэхэмжлэлийг үндэслэн төлөгдөөгүй тэтгэлгийг нөхөн төлүүлж болно.”
Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1. “Тэтгэлэг төлөх тухай талууд гэрээ байгуулсан бөгөөд тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол учирсан хохирлыг гэрээнд заасан журмаар нөхөн төлнө”, 50.2.”Шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө” гэж заасны дагуу нөхрөөсөө хүүхдийн тэтгэлгийн төлөөгүй нийт мөнгөн дүн дээр 0,5 хувийн алданги тооцож шүүхэд нэхэмжлэл гаргах замаар хүүхдийн тэтгэлгээ бүрэн гаргуулан авах боломжтой.
Шүүхэд нэхэмжлэл гаргах тохиолдолд та тэтгэлэг төлөгчийн оршин суугаа газрын шүүхэд улсын тэмдэгтийн хураамжаа төлснөөр шүүхэд нэхэмжлэлээ гаргах юм.
Веритас Партнерс хуулийн фирмийн хуульч Р. Идэрмөнх




