Тавдугаар сарын 8-ны өдрийн 06:00 цагаас эхлэн Нийслэлд тогтоосон Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр болоод буй.
Ингэснээр нийт ААН-үүдийн 80 орчим хувь нь ажиллаж эхлэх юм. Харин саун, бассейн, бүжгийн баар, зочид буудал зэрэг 18 салбарын үйл ажиллагааг нээхгүй бөгөөд цаашид шат дараалалтай нээх аж.
Өчигдөр УОК-оос хязгаарлалтаас хамааран хуулийн этгээдийн үйл ажиллагааны горим ямар байх талаар мэдээлсэн юм.
Хот доторх нийтийн тээврийн хэрэгсэл ердийн цагийн хуваариар халдвар хамгааллын дэглэм сахин ажиллаж эхлэх бол автомашины улсын дугаарын хязгаарлалтын дагуу зорчино. Нийслэлийн Засаг даргын захирамжаар автомашин замын хөдөлгөөнд оролцох зохицуулалт хийх юм.
Харин агаарын хилийн Зургаадугаар сарын эхнээс нээх бөгөөд олон улсын болон дамжин өнгөрөх ачаа тээвэрлэлтийг хязгаарлахгүй байхаар журамлажээ.