Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын “улаан” түвшинг энэ сарын 8-наас ирэх сарын 5 хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын "улбар шар" болгон бууруулахаар шийдвэрлэжээ.
Өнөөдөр Улсын Онцгой комисс хуралдаж "улбар шар" түвшинд ажиллах дэглэм, журмыг нарийн төлөвлөх аж.
Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан "Монгол улсын 2,060,000 иргэнийг ванцинжуулахаар төлөвлөсөн бөгөөд одоогоор вакцинд хамрагдах ёстой хүн амын 55 хувь нь эхний тунд хамрагдаад байна. ХӨСҮТ-ийн засвар үйлчилгээ, шаардлагатай тоног төхөөрөмжийг авахад зориулж 3,2 тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэсэн. Цаашдаа вакцинжуулалтыг эрчимжүүлж, нэг өдрийн өмнө ч болтугай хэвийн амьдралд шилжихийг Засгийн газар зорьж байна.
Энэ хүрээнд Улаанбаатар хотын насанд хүрсэн нийт хүн амыг энэ сарын 8-ны дотор эхний тунд, Зургаадугаар сард орон нутгийн иргэдийг нэг, хоёрдугаар тунд хамруулж дуусгах юм.
Дархлаажуулалтын ажлыг дуусгахад иргэдийн оролцоо чухал. Иргэн дархлаажуулалтад хамрагдахгүй бол өөрөө ч, гэр бүлээ ч эрсдэлд оруулж, халдварын тархалтыг хумих улс орны том зорилтод сөргөөр нөлөөлнө" гэлээ.