Улсын Онцгой комиссын ээлжит хурал цахимаар боллоо.
Хурлаар коронавируст халдварын цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаарх цаг үеийн мэдээлэл сонсч, дархлаажуулалтын явц, вакцин захиалга, татан авалтын хуваарь, тавдугаар сарын эхний өдрүүдэд гүйцэтгэхээр төлөвлөсөн ажлуудын талаар хэлэлцжээ.
Улсын хэмжээнд зорилтот бүлгийн иргэдийн 40 орчим хувийг дархлаажуулалтад хамруулсан бол ирэх сарын 10-ны өдрөөс эхлэн 21 аймагт дархлаажуулалтыг өргөн хүрээнд зохион байгуулж, богино хугацаанд орон нутгийн зорилтот бүлгийн иргэдийг дархлаажуулалтын нэгдүгээр тунд хамруулахаар болжээ.
БНХАУ-аас авч буй вакцины татан авалт хуваарийн дагуу үргэлжлүүлэх бөгөөд нийслэлд суурин 120, явуулын 40 цэгт, 18-аас дээш насны иргэдийг харъяалал харгалзахгүй вакцинжуулж байна.
Хилийн боомт орчмын орон нутаг дахь иргэдийг Тавдугаар сарын 10-ны дотор вакцины хоёрдугаар тунд хамруулж дуусгахаар төлөвлөжээ.
Дашрамд дурдахад, манай улс "Астразенека", "Синофарм” компанийн "Вероселл", "Спутник V", Файзер зэрэг дөрвөн төрлийн вакцин хүлээн аваад байна.