Өнөөдөр нийслэлийн есөн дүүрэг дэх дархлаажуулалтын цэгүүдэд 2,100 эрүүл мэндийн ажилтан ажиллаж, 50 мянга гаруй иргэнийг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөжээ.
Ингэхдээ AstraZeneca, Vero Cell вакцины давтан тун болон 45-аас дээш насны иргэдийн Vero Cell вакцины эхний тунг хийх юм байна.

Дархлаажуулалтын ажлыг энэ сарын 23-наас эрчимжүүлсэн бөгөөд эхний ээлжид вакцины хоёр дахь тунд хамрагдах иргэд болон 50-аас дээш насныхныг эхний тунд хамруулж байсан юм.
Харин өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Нийслэлийн хэмжээнд I тунд 27277, II тунд 28449, нийт 55726 иргэнийг дархлаажуулалтад хамруулсан байна. Ингэснээр вакцинжуулалт эхэлснээс хойш I тунд 550,144, II тунд 239,928 иргэнийг хамруулаад байна.




