УОК-ын Шуурхай штабаас иргэдээс ирж буй түгээмэл асуултад шууд хариуллаа.
Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатар "Мэдээний эхэнд хэлэхэд манай улс үйлдвэрлэгч улс биш. Бид холбогдох гэрээгээ хийгээд, мөнгөө шилжүүлээд боловч тодорхой хугацаагаар хойшилсон байсан. Сайхан мэдээ дуулгахад, маргааш, нөгөөдрөөс Verocell вакцин ирнэ. Ингэснээр хөл хорио дуусахтай зэрэгцэн вакцинжуулалтыг идэвхтэй хийнэ. Одоогоор 600,000 гаруй иргэн вакцины эхний тунгаа хийлгэсэн байна. Эхний ээлжид эдгээр иргэнд хоёр дахь тунг нь хийнэ. Дараа нь 400,000 иргэндээ хийх юм. Энэ долоо хоногт вакцинжуулалтыг эрчимжүүлэх тул бэлтгэл ажлаа сайтар хангаж байна.
Вакцин ирсэн тохиолдолд өдөрт 40-50 мянган иргэнийг вакцинжуулж, богино хугацаанд нийслэлийн нэг сая гаруй иргэнийг вакцинжуулна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мөн Спутник V вакциныг авахаар гэрээгээ хийж, мөнгөө шилжүүлсэн. Дөрөвдүгээр сард багтаж уг вакцины эхний ээлж тээвэрлэгдэн ирэх мэдээлэлтэй байна" гэлээ.