Хатуу хөл хориог чангаруулж, явган иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлахаар боллоо.
БЗД-ийн шуурхай штаб "Хатуу хөл хорионы өдрүүдэд автомашин болон явган хүний хөдөлгөөн их байгаа. Тиймээс хөл хориог чангатгаж явган хүний хөдөлгөөнийг хязгаарлахаар боллоо. Тодруулбал, явган хүний хөдөлгөөнийг 06:00-08:00, өдрийн 16:00-18:00 цагуудаас бусад цагт бүрэн хязгаарлах юм" хэмээн мэдээллээ.
Явган хүний хөдөлгөөнийг хязгаарлах зохицуулалт зөвхөн нийслэл хотын хэмжээнд хэрэгжих юм байна.
Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Отгонтамир "Өглөөний 06:00-08:00 цагийн хооронд иргэд явганаар хөдөлгөөнд оролцоно. Өглөөний 08:00 цагаас хойших явган зорчигчийн хөдөлгөөнийг хязгаарласан. 16:00-18:00 цагийн хооронд явган зорчигчид гэрийнхээ ойр орчимд гурван хүнээс хэтрэхгүйгээр агаарлаж болно. Үүнээс хойших цагуудад мөн явган зорчигчийн хөдөлгөөнийг хориглож байгаа.
Тээврийн хэрэгслийн хяналт шалгалтыг мөн эрчимжүүлж байна. Дугаарын хязгаарлалт зөрчих тохиолдол их гарч байна. Үүнд шалгалтыг эрчимжүүлээд байна" гэлээ.