УОК-ын Шуурхай штабын хуралдаан өнөөдөр боллоо.
Өнөөдрийн шуурхай хуралд дүүргүүдийн удирдлагуудын ирц хангалтгүй байгааг Шадар сайд С.Амарсайхан шүүмжилж, гурван ээлжээр ажиллаж байгаа үед тасралтгүй арга хэмжээг авч үр дүнтэй ажиллахыг анхаарууллаа.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд захын дүүргүүдэд хөл хорионы дэглэм журам хангалтгүй байгааг мэдээллээ.
Тэрээр "Захын дүүргүүдэд хөл хөдөлгөөн их байна. Иргэд автомашингүй ч явганаар нэлээн тархмал явж байна. Ийм байхад бидний хөл хорионы үр дүн гарахгүй" хэмээлээ.
Харин Шадар сайд С.Амарсайхан "Иргэдийг гэрийнхээ ойролцоо гарч болохыг зөвшөөрсөн. Гэхдээ бөөгнөрөл үүсгэж болохгүй. Тиймээс үүнд хяналт тавьж ажиллаарай" хэмээн УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Ц.Ганзоригт санууллаа.
Мөн Эрүүл мэндийн сайд С.Энхболд 248 мянган ахмадын вакцинжуулалтын төсөв Сангийн яамнаас хараахан орж ирээгүй байгаа ба ойрын хугацаанд шийдэгдэнэ гэсэн юм.