Говь-Алтай аймаг дахь хилийн цэргийн ангид алба хааж байсан хугацаат цэргийн хоёр алба хаагч харуулын даргаа буудаж хөнөөгөөд, оргосон хэрэг гараад байна.
Эдгээр цэрэг галт зэвсэгтэй оргосон бөгөөд нийт 45 орчим сумтай байгаа нөхцөл байдал тогтоогджээ.
Энэ хэргийн талаарх ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл өглөө.
Б.Баатархүү "2021 оны Дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн 22:58 цагт Говь-Алтай аймгийн цагдаагийн газарт "Хилийн цэргийн дугаар ангийн постон дээр хүн нас барсан байна" гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу аймгийн цагдаагийн газраас ажлын хэсэг гарч хэргийн газарт ажилласан.
Ингэхэд харуулын дарга ажилтай 34 настай хүн буудуулсан байдалтай нас барсан, харуулын үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид галт зэвсэгтэй хэргийн газрыг орхин явсан нөхцөл байдал тогтоогдсон. Аймгийн цагдаагийн газар, хилийн цэргээс гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй сэжигтэй этгээдүүдийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна.
Цэргүүдийн байршлыг тогтоох ажиллагаа хийгдэж байгаа бөгөөд иргэнийг сүрдүүлж, мотоциклийг нь булаасан нөхцөл байдал тогтоогдож байгаа. Тухайн цэргүүд байлдааны галт зэвсэгтэй байгаа нь аюултай. Замдаа бусдад болон өөрсдөдөө хохирол учруулах эрсдэлтэй учраас онцгой анхаарал хандуулан, баривчлалхаар ажиллаж байна. Хилийн цэргийн ангийн ойролцоо болон Говь-Алтай аймгийн иргэдийг болгоомжтой байхыг зөвлөж байна" хэмээн хэллээ.