Ихэнх нутгийг хамарсан хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас орон нутагт иргэд сураггүй алга болсон асуудлаар ОБЕГ-аас мэдээлэл хийлээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон цаг агаарын гамшигт үзэгдлийн үеэр салхины хурд 20-24 м/с, зарим үед 30-34 м/с хүрч ширүүссэн байна. Хүчтэй шороон болон цасан шуурганы улмаас Архангай, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Завхан, Увс, Төв, Хөвсгөл зэрэг 10 гаруй аймгуудын 46 суманд нийт 548 хүн төөрч сураггүй алга болсон бөгөөд ОБЕГ-аас бүх хүч бие бүрэлдэхүүнээ дайчлан ажиллаж, төөрч алга болсон 467 хүнийг эсэн мэнд олсон байна.
Өнөөдөр 10.00 цагийн байдлаар үлдсэн 81 иргэнийг хайх ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа. Эдгээр иргэдийн 68 нь Дундговь аймгийн иргэд болохыг ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Тамир мэдээллээ.