Улсын Онцгой комисс өнөөдөр хуралдаж Нийслэлийн хэмжээнд Коронавируст халдварын эсрэг авах арга хэмжээний зэрэглэлийг УЛБАР ШАР түвшин рүү шилжүүллээ.
Энэ хүрээнд Даваа гаригаас хүнсний дэлгүүр, үйлчилгээний байгууллагууд 22:00 цаг хүртэл ажиллах юм.
Шадар сайд С.Амарсайхан "Үйлдвэр, үйлчилгээний байгууллагуудын цагийн хуваарьт зохицуулалт хийгдэж байгаа. Даваа гаригаас үйлчилгээний байгууллагууд 22:00 цаг хүртэл ажиллана.
Оройн 23:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл замын болон иргэдийн хөдөлгөөнд холбогдох байгууллагууд хязгаарлалт тавьж ажиллана.
Шөнийн цагаар олноор цугларах, архидан согтуурахаас үүдэн гэмт хэрэг болон халдварын тархалт нэмэгдэх эрсдэл өндөр байна. Өдрийн цагаар ажил, амьдралаа амжуулах хэрэгтэй.
ААН, үйлчилгээний байгууллагууд тодорхой тоо зааж, журам гаргаж өгсөөр байхад хүний тоо хэтрүүлж халдварын эрсдэл бий болгож байна. Зарим иргэн нэрээ нууж, хулгайн замаар хөдөө очин халдвар тарааж байна. Мөн халдварын эрсдэлтэй орчин нөхцөл байсаар байхад өөрсдийн хариуцлагагүйгээс бусдад халдвар тараах нөхцөл бүрдүүлж байгаа зэргээс үүдэн шөнийн хязгаарлалт тогтоож байгаа.
Цаашид ААН, байгууллагууд болон хувь хүн хэнэггүй, хариуцлагагүй байвал олон нийтэд нэрийг нь зарлана" гэлээ.