Нийслэлийн иргэдийг коронавирусийн эсрэг вакцинд хамруулах ажил өнөөдөр эхэлж байна.
Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газраас эхний ээлжинд вакцинжуулалтад хамрагдах салбарынхныг танилцууллаа.
Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас худалдаа, үйлдвэрлэл болон боловсролын үйлчилгээний хүмүүсээ эхний ээлжинд вакцинд хамруулахаар шийдвэрлэжээ. Өнөөдөр Монголын үндэсний олимпын хороо, Сэргээн засах сургалт, үйлдвэрлэл, Монгол шуудан, Монголын хараагүйчүүдийн холбоо, МИАТ, Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, ТҮК, орон сууц, цэвэрлэх байгууламж, Ус сувгийн удирдах газар, Хил хамгаалах ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газраас ОХУ-ын сургалтад явах албан хаагчид, нийгмийн хамгааллын тусгай төв, Тавантолгой, Дотоод хэргийн их сургууль, буяны зан үйлийн холбооны нийт 15,391 хүнийг вакцинд хамруулах юм байна.
Мөн вакциныг ямар ч тохиолдолд эмнэлгийн орчинд, төвлөрсөн цэгүүдэд яаралтай тусламжийн багийнхныг бэлэн байлгасан орчинд хийх нь зүйтэй гэж үзэж, явуулын цэгээр вакцин хийхээс татгалзаж байгаа юм байна.



