Цаг үеийн үнэлгээ хийж, эрсдэл багатай бүсэд танхимын хичээлийг Дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа тул боловсролын салбарын ажилчид, багш нарыг вакцинжуулалтад яаралтайгаар хамруулахаар болжээ.
Нийсэлийн хэмжээнд нийт 45 мянган багш, ажилтан байгаа бол орон нутагт 25 мянга орчим боловсролын салбарын ажилтан байна. Эдгээр албан хаагчдыг Гуравдугаар сарын 15-наас эхлэн вакцинжуулалтад хамруулах юм байна.
Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр мэдээллээ.
Тэрээр "Монгол улсад Хоёрдугаар сарын 23-наас эхлэн вакцинжуулалтыг хийж эхэлсэн. Төлөвлөгөөний дагуу халдварын голомт болсон нийслэлийн нэг сая гаруй иргэнийг Гурав, Дөрөвдүгээр сард багтаан вакцинжуулах, ногоон бүс буюу халдваргүй байгаа орон нутгийн иргэдэд Тав, Зургаадугаар сард вакцинжуулалт хийж дуусгаад, Долдугаар сарын 1-н гэхэд насанд хүрсэн нийт хүн амыг хамруулах төлөвлөгөөтэй байна" гэлээ.
Мөн тэрээр "Вакцинжуулалтад хамрагдсан нийт хүний 40 хувьд бусад вакцинд илэрдэг шинж тэмдэг илэрч байгаа нь хэвийн хэмжээнд байна гэж үзсэн. Тиймээс дархлаажуулалтыг өргөн цар хүрээтэйгээр явуулахаар төлөвлөгөө гаргасан. Эрүүл мэндийн салбарын хүчин чадлаар өдөрт 80 мянган хүнийг дархлаажуулалтад хамруулах боломжтой" гэлээ.