Монгол Улс хоёрдугаар сарын 23-ны өдөр коронавирусын эсрэг вакцинжуулах ажлыг эхлүүлснээс хойш өнөөдргийг хүртэл 9531 хүнийг вакцинжуулалтад хамруулаад байна. Эхний ээлжийн вакцинжуулалтад эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, Ковид-19-ийн хариу арга хэмжээнд оролцож байгаа багийн гишүүд болон вакцинжуулалтын ажилд дайчлагдан ажиллаж байгаа бусад мэргэжлийн ажилтнууд хамрагджээ.
Өчигдөр буюу гуравдугаар сарын 1-ний өдөр 1700 гаруй хүнийг хамруулсан байна. Вакцин хийхийн тулд эхлээд эмчийн үзлэг хийх, бүртгэх, вакцин хийлгэсний дараа 30 минут ажиглалт хийх ёстой тул нэг хүнд вакцинд хийх хугацаа нэлээд урт байгаа аж.
Вакцины таниулгад 50-60 хувьд нь хариу урвал илрэх магадлалтай гэж байгаа ч манай улсад 40 орчим хувьд нь хариу урвал илэрчээ. Ингэхдээ ихэнх тохиолдолд халуурах, толгой өвдөх, жихүүдэс хүрэх, тарьсан газар хөндүүрлэх шинж тэмдгүүд илэрч, энэ шинж тэмдэг 2-3 хоног үргэлжилж байна.
Одоогийн байдлаар вакцины дараах хүндрэл илрээгүй тухай ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма мэдээлжээ.