Шадар сайд С.Амарсайхан КОВАКС хөтөлбөрийн Монгол Улсыг хариуцсан Ахлах менежер Керри Гиинтэй өчигдөр цахимаар хуралдаж, КОВИД-19 халдварын эсрэг вакциныг Монгол Улсад нийлүүлэх явцын талаар мэдээлэл солилцсон байна.
Монгол Улс, Эрүүл мэндийн яам КОВАКС хөтөлбөрийн хүрээнд “Файзер” вакцины 25,740 тун, “Астразенека” вакцины 163,200-276,000 тунг вакциныг хүлээж авахаар бэлтгэл ажлыг хангаж энэ сарын сүүлчээр Монгол руу ачуулахаар төлөвлөжээ.
Харин "Астразенека” вакциныг ДЭМБ-аас яаралтай хэрэглэх вакцины жагсаалтад оруулж батлагдмагц, гуравдугаар сарын дунд үеэс Монгол Улс руу эхний ачилтыг хийхээр зорьж ажиллаж байгаагаа, вакцин нийлүүлэх ажилд бүх талаар хамтран ажиллахаа Керри Гиин илэрхийллээ гэж Шадар сайдын хэвлэлийн албанаас мэдээллээ.
Дашрамд, ДЭМБ-аас Астразенека вакциныг яаралтай горимд хэрэглэх зөвшөөрлийг өнөөдөр олгосон юм. Ингэснээр ирэх сарын дунд үеэс тус вакциныг манай улс руу оруулж ирэх боломжтой боллоо.
Мөн Засгийн газар цаг хожих үүднээс дээрх компаниуд болон ОХУ, БНХАУ-д үйлдвэрлэсэн вакциныг татан авч иргэддээ сонголт хийх боломж олгохоор ажиллаж байгаагаа мэдээлсэн юм.



