Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр Улсын Онцгой комиссын Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, академич Ц.Лхагвасүрэн "Хатуу хөл хорионы үед иргэн бүр хариуцлагатай байж, дэглэмийг ёсчлон баримтлах"-ыг уриаллаа.

Тэрээр "Бид цаг хугацааны хувьд том сорилтод тулж ирээд байна. Нэгдүгээрт, нийт хүн амын талаас илүү хувь нь амьдардаг нийслэл хотод голомтолсон халдвар нэлээд газар авч байна. Өдөр бүрийн статистик мэдээг сонсоход буурахгүй, динамик өсөх хандлагатай байгаа.
Хоёрдугаарт, вакцинжуулалтын асуудал яригдаж байгаа ч энэ нь тодорхой цаг хугацаа авна.
Вакцин ирчих л юм бол халдварын ард гарна гэсэн сэтгэл зүйтэй байж болохгүй. Дархлаажуулалт том арга хэмжээ. Гэхдээ үүнээс хамгийн чухал нь иргэдийн хариуцлага, оролцоо юм.
Гуравдугаарт, монгол түмний уламжлалт Сар шинийн баяр тохиох гэж байна. Уламжлалаа харвал баяраар хөл хөдөлгөөн ихсэж, золгохоос эхлээд халдвар тархах өндөр эрсдэл үүсдэг тул иргэд хариуцлагатай байхыг хүсэж байна. Халдварын тархалтын энэ цаг үеийг иргэн бүрийн оролцоотойгоор амжилттай даван туулна.
Өнгөрсөн хөл хорионы үед бид иргэдээсээ өндөр хүлээлттэй байсан. Иргэд хөл хорионы дүрмээ ёсчлон биелүүлбэл тархалт хэдэн хувиар буурах тухай тооцоолж, итгэж хүлээж байсан боловч хүсэж байсан үр дүндээ төдийлөн хүрч чадаагүй.
Одоогоос 150 жилийн өмнө Европт тарваган тахал өвчний цар тахал дэгдэж, 200 орчим сая хүн нас барсан эмгэнэлт түүх бий. Монголчууд маань хэнэггүй байна. Европынхон тарваганаас ихэд эмээдэг. Гэтэл манай монголчууд тарвага агнаж, хотдоо авчирч наймаалдаг явдал гарсаар байдаг.
Үүн шигээ хэнэггүй, хариуцлагагүй хандвал гурван сая хүнтэй ард түмэн цар тахлын өмнө мөхөстөнө. Хөл хорионы үед иргэдийн төлөө, өөрсдийнхөө төлөө, Монгол Улсынхаа тусгаар тогтнол, эдийн засгийн хүчтэй, чадавхтай байхын төлөө туйлын хариуцлагатай байхыг хүсэж байна. Хөл хорионы дэглэмийг ёсчлон сахиж чадвар тодорхой хугацааны дараа үр дүнг нь амьдрал дээр үзэх юм" гэлээ.



