Сар шинийн баярын буюу Хоёрдугаар сарын 12-23-ны хооронд хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргалаа.
Энэ талаар УОК-оос мэдээлэл хийж байна.
Шадар сайд С.Амарсайхан "УОК-ын ээлжит хуралдаан болж, цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэх шийдвэр гаргалаа.
Цагаан сарын өдрүүдээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсрууллаа. Баярын өдрүүд, амралтын өдрүүдийг тохиолдуулан халдварын голомтуудыг хумих, цаашдаа эдийн засгаа хэвийн явуулах, зах зээлээ сэргээх эрүүл мэндийн аюулгүй байдлаа хангах томоохон зорилт тавин ажиллаж байна.
Хөл хорионы хугацааг цаг үрэх, хоног өнгөрөөх байдлаар өнгөрөөхгүй. Коронавирусийн халдвар ахмад настнуудын эрүүл мэнд, амь насанд хамгийн эрсдэлтэй байна. Тиймээс ахмад настнууддаа эрсдэл үүсгэхгүй байхыг иргэддээ уриалж байна. Тодорхой хугацааны дараа аюулгүй орчинд золгох боломжийг бүрдүүлэхийн төлөө бүх нөөц боломжоо дайчлан ажиллаж байна. Хөл хорионы хугацаанд тодорхой кампанит ажлуудыг явуулна" гэлээ.