Хотын даргын захирамжийн дагуу нэгдүгээр сарын 19-ний өдрөөс нийслэлийн зүгээс худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдөж, иргэний зорчих хөдөлгөөнийг бүртгэх QR платформын хэрэглээний хэрэгжилт ямар байгаа зэрэгт хяналт тавин ажиллаж байна.
Өчигдөрийн /2020.01.20/ байдлаар нийслэлийн хэмжээнд 173133 байгууллага иргэний QR үүсгэж 1.916.063 иргэний 2.444.776 удаагийн бүртгэл хийгдсэн байна.
Шалгалтын явцад худалдаа, үйлчилгээний газрууд QR код байршуулаагүй, үйлчлүүлэгчдийг QR код уншуулж байгаад хяналт тавьдаггүй, байгууллагууд ажиллагсдынхаа халууныг хэмжиж, бүртгэл хөтөлдөггүй, хүн хоорондын зай барихгүй байх нийтлэг зөрчлүүд илэрч байгааг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлэв.
Иргэд QR бүртгэлийг хариуцлагатайгаар тогтмол ашиглаж, ААН-үүд үүнд шаардлага тавьж үйлчилж хэвших нь цар тахлаас үүдэлтэй бэлэн байдлын үед бүх нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдалд үнэтэй хувь нэмрээ оруулж буй явдал юм.
Иймд хамтдаа хариуцлагатай байж, QR бүртгэлийг хэвшил болгохыг ААН, иргэдэд хандан уриалж байна.