Улсын нэгдүгээр төрөх эмнэлэгт өчигдөр амаржсан эхээс коронавирусийн халдвар илэрсэн билээ. Амаржсан эхийг ХӨСҮТ рүү өчигдөр орой шилжүүлсэн бөгөөд ингэхдээ эхэд гадуур хувцас өмсүүлээгүй, халаад, углааштай, амыг нь дэрээр халхалсан байдалтай яаралтай түргэн тусламжийн машинд суулгаж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тарсан. Энэ бичлэг олон нийтийг бухимдуулж, УОК-ыг ажиллаж чадваргүй, бэлтгэлгүй хэмээн шүүмжилж байна. Мөн өнөөдөр энэ эх ковид халдвараас бус төрөхийн гам алдсанаас болж өвдөх, үхэх аюулд өртлөө гэж бичсээр байгаа юм.
Энэ явдалтай холбоотойгоор иргэн А.Отгонбаатар Сүхбаатарын талбайд гэрийн халат, шаахайтай жагсаж эсэргүүцлээ илэрхийллээ.
Тэрээр “Өчигдөр нэгэн ээжийг яг миний өмссөнтэй адил хувцастай зөөвөрлөсөн. Ийм хүнлэг бус үйлдэл гаргасанд нь харамсаж, эсэргүүцэж байна. Гадны улсад дарга нар уучлал хүсээд огцордог. Энд хэн хариуцлага хүлээх вэ? Товчоон дээр нэг иргэн хот руу орж чадахгүй амиа алдсан. Манай УОК дүрэм, журам гаргахгүй байна. Иргэд Сүхбаатарын талбай дээр жагсахаас бус, ийм нийгэмд амьдрахаас айх хэрэгтэй” хэмээлээ.