Нэгдүгээр сарын 18-н Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн суурин дээр Монголын залуучуудын холбоо шинээр эмхлэгдэн байгуулагдсан өдөр. Монголын залуучуудын төв байгууллага МЗХ ирэх наймдугаар сард 100 жилийнхээ ойг тэмдэглэнэ. Харин МЗХ шинээр зохион байгуулагдсан энэ өдөр /2020.01.18/ тус холбоо “Залуучуудын үнэн” сонин, “Залуу үе” сэтгүүлээ шинэчлэн гаргаж, уншигчдынхаа гарт өргөн барилаа.
“Залуу үе” сэтгүүл анх “Манай үе” нэртэйгээр 1923 онд, “Залуучуудын үнэн” сонин 1924 онд хэвлэгдэн гарч байсан түүхтэй.
МЗХ 2016 оноос түр тасалдаад байсан сонин, сэтгүүлээ шинэчлэн гаргаж байгаа нь энэ юм. Мөн холбооныхоо дэргэд iZaluu.mn сайтыг ажиллуулж эхлээд байгаа бөгөөд сонин, сэтгүүлээ Улаанбаатар хот болон 21 аймгийн нийт 1200 гаруй салбар, үүрүүдээрээ түгээх аж.
Мөн МЗХ шинэчлэн зохион байгуулагдсан энэ өдөр тус холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од холбооны үе, үеийн ажилтан, удирдлагууд, гишүүд дэмжигчид болон Монголын нийт залуучууддаа хандан мэндчилгээ дэвшүүлсэн юм.
98 жилийн түүхтэй “Залуу үе” сэтгүүл, 97 жилийн түүхтэй “Залуучуудын үнэн” сонины нэмэлт захиалга орон даяар явагдаж байна.