Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд коронавируст халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн тул сумаас гарах хөдөлгөөнийг гурван хоног хаалаа.
Өвөрхангай аймгийн Цагдаагийн газраас "Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэх тухай аймгийн Засаг даргын 2021 оны А/05 дугаар захирамжаар тус аймгийн Бат-Өлзий суманд Коронавируст халдвар /Ковид-19/-ийн сэжигтэй тохиолдол илэрсэн тул сумаас гарах хөдөлгөөнийг 2021 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн 18:00 цагаас нэгдүгээр сарын 9-ний өглөөний 06:00 цаг хүртэл хугацаанд зогсоолоо.
Иймд иргэд та бүхэн захирамжийн хэрэгжилтийг хангаж, хууль хүчний болон мэргэжлийн анги байгууллагын алба хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэн халдвар, хамгааллын дэглэмээ сайтар сахихыг уриалж байна" хэмээн мэдээллээ.
Нийслэлд шинэ голомт үүсээд буй "Ачтан" эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд 2, 3 аймагт очсон талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Тухайн иргэдийг олж тусгаарлан, тандалт шинжилгээ хийж байна.



