Өнөөдөр "Эрдэнэс Монгол" компанийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдан, гурван дэд захирлын томилгоог баталжээ.
Засгийн газраас дээрх албан тушаалд Ц.Цолмон, Л.Хосбаяр, Л.Энхболд нарын гурван хүнийг томилохоор хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулах журмын дагуу Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн байдаг. Тэгвэл АТГ-аас хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан, томилгоог хийжээ.
Гэвч АТГ-аас Л.Энхболдын тухайд хоёр утгатай хариу өгсөн байна. Тодруулбал, түүний ХАСУМ-ийг хянаад "Л.Энхболдыг уг албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй. Гэхдээ эрүүгийн хэрэгт холбогдон шалгуулж байгаа" гэсэн агуулга бүхий албан бичгийг "Эрдэнэс Монгол"-д илгээсэн байна.
Эргэн сануулахад, УИХ-ын гишүүн асан Л.Энхболд албан тушаалаа ашиглан ЖДҮХС-гаас зээл авсан гэх хэрэгт яллагдагчаар татагдан өнөөдрийг хүртэл АТГ-т шалгуулж байгаа билээ.
Харин тэргүүн дэд захирлын албан тушаалд Харвардын их сургуульд бакалаврын зэрэг хамгаалсан Ж.Тана томилогдох нь тодорхой гэнэ. Түүнийг шинэ он гарсны дараа томилохоор болжээ.