Гэрэл зургийг unuudur.mn
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.
Арванхоёрдугаар сарын 25-нд улсын хэмжээнд 14,227 хүнд шинжилгээ хийхэд долоон хүнд коронавирус илэрчээ. Долоон тохиолдлын дөрөв нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомттой холбоотой бөгөөд хоёр өвчтөн, нэг сахиур, гэр бүлийн хавьтал нэг байна. Тус дүүргийн эмнэлгээс эхтэй голомтод нийтдээ 146 хүн өвчилжээ. Үүнээс эрүүл мэндийн ажилтан 15, гэр бүлийн гишүүд 27, өвчтөн 81, сахиур 22, хавьтал нэг байна.
Үлдсэн гурван тохиолдлын хоёр нь ХСҮТ-ийн ажилтан бол тэдний ойрын хавьтал нэг хүнээс халдвар илэрчээ. Эмч, ажилчид халдварын эрсдэлтэй хүнтэй ажиллаж байсан учраас халдвар авсан гэсэн урьдчилсан мэдээлэл байна. ХСҮТ-д тандалт судалгааг явуулж, ойрын хавьтал 112 хавьтлыг тусгаарласан. Мөн дам хавьтал 500 гаруй хүнийг илрүүлж, шинжилгээнд хамруулж байгаа. Урьдчилсан байдлаар 400 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй хэмээн мэдээллээ.
Улаанбаатар хотод өмнө нь бүртгэгдсэн хадварын голомтод нэмж халдвар бүртгэгдэлгүй 14 хоножээ. Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдлын тоо 1082 болсон бөгөөд 711 нь эдгэрсэн. Өнөөдрийн байдлаар 362 хүн эмчилгээнд байгаа. Өвчтөнүүдийн биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 3, хүнд 6, хүндэвтэр 53, хөнгөн 300 байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Сэлэнгэ, Дархан-Уул, Архангай, Говьсүмбэр, Дорноговь, Орхон аймагт коронавируст халдварын тохиолдол шинээр бүртгэгдээгүй. Мөн Улаанбаатар хотод өмнө нь бүртгэгдэж байсан буюу ачаа тээврийн жолоочоос эхтэй халдварын голомтод батлагдсан тохиолдол нэмэгдээгүй гэв.
Дотоодын халдвар 618: /2020.12.26/
- Улаанбаатар хотод- 292
- Орхонд-25
- Архангайд-3
- Сэлэнгэд-217
- Дархан-Уулд-45
- Говьсүмбэр-4
- Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.
COVID-19 халдварын батлагдсан нийт тохиолдол 1082 болсон байна.