Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тус дүүргийн хэмжээнд 12-р сарын 22-ны байдлаар 6086 шинжилгээ хийснээс 131 хүн халдвар авсан нь тодорхой болсон гэдгийг мэдээллээ.
Баянзүрх дүүрэгт цагдаагийн алба хаагч коронавирусийн халдвар авсан гэх мэдээллийн талаар дүүргийн Онцгой комиссоос “Баянзүрх дүүрэгт цагдаагийн алба хаагч халдвар аваагүй” хэмээн албан ёсоор мэдэгдэв.
Мөн Дүүргийн хэмжээнд цар тахлын голомт үүссэн учир халдварын сэжигтэй орон сууц, орцуудад цагдаагийн байгууллага 14 хоногийн хамгаалалт, тусгаарлалтын арга хэмжээ авч байгаа аж. Тусгаарлагдсан орон сууцны иргэдээс мэргэжлийн байгууллага гурван удаагийн шинжилгээ авч, хариу сөрөг гарвал тусгаарлалтаас гаргахаар болжээ.
Иргэд гэрээс гарах боломжгүй учир долоо хоногт хоёр удаа гарч хүнсээ цуглуулах боломж бүрдүүлнэ гэж дүүргийн Онцгой комиссоос мэдээлэв.
Мөн Цагаан давааны хогийн цэгт коронавирусийн халдварын эерэг тохиолдол батлагдсан. Үүнээс болж хог тээвэрлэлтэд хүндрэл гарч байна. Хог тээвэрлэлтийг Сонгинохайрхан дүүргийн хогийн цэг рүү шилжүүлж байна гэж мэдээллээ.