Засгийн газар өнөөдөр хуралдаж сайжруулсан шахмал түлшний үнийг 75 хувиар бууруулах шийдвэр гаргалаа.
Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Г.Сарангэрэл "Нэг тонн шахмал түлш 150 мянган төгрөгийн үнэтэй байдаг. 50 хувиар буулгаад удаагүй байна. Өнөөдөр дахин бууруулж, 75 хувиар хөнгөлснөөр иргэд нэг тонн шахмал түлшийг 37500 төгрөгөөр худалдаж авах боломжтой боллоо. Үүнийг бараг үнэгүй авч байна гэж ойлгож болно. 937 төгрөг нь үйлдвэрийн уут, сав боодлын үнэ өртөг гэсэн үг юм" гэлээ.
Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Шахмал түлшний хөнгөлж байгаа үнийн зөрүүг "Эрдэнэс Тавантолгой" компани гаргаж байгаа. 50 хувь бууруулснаар 46 тэрбумын санхүүжилтыг "Эрдэнэс Тавантолгой" гаргасан. Одоо дахин буурснаар 69 тэрбум төгрөгийг "Эрдэнэс Тавантолгой" хариуцахаар болж байна" гэлээ.