Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр ЦЕГ-ын дэд дарга Ж.Амгалан мэдээлэл өгөв.
Тэрээр “Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс халдвар авсан иргэдийг тусгаарлах, нэгдүгээр болон дам хавьтал болсон иргэдийг олж тогтоох ажил үргэлжилж байна.
Иргэддээ онцгойлон анхааруулж хэлэхэд халдвар авсан иргэдтэй ойрын болон дам хавьтал болсон бол онцгойлон дэглэм сахих ёстой. ЭМЯ, ЦЕГ, ТЕГ-аас мэдэгдсэн иргэд онцгойлон анхаар. Хэрэв ЭМЯ-наас явуулж буй арга хэмжээг бүрэн хэрэгжүүлэхгүй бол энэ өвчин нутагших аюултай.
Зарим иргэд нэгдүгээр болон дам хавьтлынхаа иргэдийг мэддэггүй, явсан газраа санадаггүй, хэлдэггүй. Мөн өөрийн явсан маршруутаа нуудаг байдлаас болж ажил сунжирч байна.
Энэ нь өөрөө хуулийн заалтуудыг зөрчиж байна. Зөрчлийн тухай хуулийн 5.13, Эрүүгийн хуулийн 15.6 дугаар заалт гээд байгаа. Цаашид хэрэв нэгдүгээр болон дам хавьталд байсан иргэд хорио цээрийн дэглэмийг сахилгүй, санамсаргүй, хэнэггүй байснаасаа үүдэн халдварыг тархаавал хуультай, ялтай гэдгийг санах хэрэгтэй. Хуульд зааснаар хорио цээр, халдвараас сэргийлэх арга хэмжээг аваагүй бол торгохоос 3 хүртэл жилээр хорих ялтай” гэлээ.



