Улсын Онцгой Комисс өчигдөр хуралдаж, гаргасан шийдвэрээ танилцууллаа.
УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар: "ХӨСҮТ-д яг одоогийн байдлаар 92 хүн эмчилгээ хийлгэж байна. 78 хүний биеийн байдал хөнгөн, 12 хоёр хүн хүнд байна.
Улсын хэмжээнд хүнсний хомсдол үүсгэхгүй байх чиглэлийг Ерөнхий сайд өгсний дагуу ХХААХҮЯ-нд шуурхай штаб байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар хүнсний хомсдол үүсээгүй байна. Хүнсний тээвэрлэлтэд хүндрэл байхгүй.
Сөүлийн онгоцоор 96 хувийн магадлалтай оношлох түргэвчилсэн тест ирсэн. Орон нутгууд руу тараана. Мөн маргааш /өнөөдөр/ нийслэлд байгуулагдсан 11 цэгээр дам хавьтлуудаас шинжилгээ авна. Даваа гариг гэхэд улсын хэмжээнд бүх хавьтлыг шинжилж дуусгахаар ажиллана.
Нийтийн тээврийн ариутгал халдваргүйжүүлэлтийг сайжруулж, автобус хоорондын зайг ойртуулах бөгөөд маргаашдаа өнөөдрийн адил хуваариар явна. Нөгөөдрөөс автобусаар үйлчлэх цагийн хуваарийг багасгах чиглэл барьж байна. Хязгаарлалтад ороогүй салбарын хүмүүс хувийн машинаараа хөдөлгөөнд оролцож болно.
Сэлэнгэ, Дархан-Уул аймагт хатуу хөл хорионы дэглэм тогтоосон. Халдвартай иргэний ойрын болон дам хавьтлуудыг тогтоосон бөгөөд шинжилгээ тандалт хийгдэж байна" гэлээ.
Мөн тэрээр "Арваннэгдүгээр сарын 17-н хүртэл нийслэлээс хүн гаргах боломж байхгүй. Нөхцөл байдлаас шалтгаалаад цаашдаа ч сунгаж магадгүй" гэсэн юм.