x

Эрдэнэт үйлдвэрийн “ЭНЭРЭЛ”

Эрдэнэт үйлдвэрийн харьяа бүтэн өнчин хүүхдийн асрамжийн “Энэрэл” төв энэ жил 28 дахь жилдээ үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Энэ хугацаанд 300-аад хүүхдийг амьдралын замд үдсэн буянт газрыг сурвалжлахаар зорилоо. Байрны гадна өнгөө шинэчилсэн нь холоос тод үзэмжтэй. Хүүхдүүд үүдэнд байрлуулсан шингэнээс сурмаг гэгч нь авч гараа ариутган гүйлдэнэ. Хичээлийн танхимаар түрүүлж орлоо. Өглөөний ээлжийн хүүхдүүд энд гэрийн даалгавраа хийцгээж, ойлгоогүй хичээлийг нь багш нь давтан зааж байв. Онцгой дэглэмийн шаардлага, зохион байгуулалтыг ягштал баримталж буй нь илт. Хүүхдүүд хоорондоо хол зайтай суух бөгөөд бүгд амны хаалтаар жигдэрчээ. Сургалтын танхим нь дутуу юмгүй бүрэн агаад саруулхан цэмцгэр. Бүтэн өнчин хүүхдийн асрамжийн газар гэхээр уруу царайтай, дорой дуутай багачуул хайр нэхсэн харцаар тосож угтахаар төсөөлсөн минь эндүүрэл байв. Цэвэрхэн, бүр томхнууд нь загварлаг гэмээр хувцасласан, нүдний гал нь бөхөөгүй, цовоо дуутай хүүхдүүд асуултад цаанаа л нэг бодолтой, тулхтай хариулах нь зөв төлөвшлийн шинж.

Эднийд нэг ой, найман сартайгаас19 насны 60 хүүхэд нэгэн гэр бүл болон амь сэтгэл нэгсэн амьдарч байна. Тэд зундаа “Хөдөлмөр” зусландаа амарч, өөрсдийн хэрэгцээний хүнсний ногоо, жимс, цагаан идээгээ базаахын зэрэгцээ амьдрах ухаан, ажилд суралцдаг. Энэ жилийн хувьд хүнсний нарийн ногоо түлхүү ургуулж, талбайгаа амраах зорилгоор төмс бага тарьжээ. Харин гүзээлзгэний гарц сайн байсан тул 80-аад литрийг түүж 50 гаруй шил чанамал хийсэн байна. Хүүхдүүд анх удаа сонгино, саримс тарьж үзсэн талаараа ам уралдан хуучиллаа. Саримсны ургалт санасанд нь хүрээгүй гэнэ. Өөрсдийн хүч хөдөлмөрөөр тарьж ургуулсан хүнсний ногоо хэрэглэхэд хоол илүү амттай санагддаг гэх. Багш, ажилтнууд нь багачуудаа шар сүүнд оруулж, айргаар биеийг нь шавшиж, элсэн дээр хөл нүцгэн гүйлгэх зэргээр дархлааг нь дэмжиж, өвлийг өвчин тусахгүй давах бэлтгэл хангажээ.

“Энэрэл” төвийн байрны дотор засвар дуусжээ. Удахгүй душны засвар эхлэх гэнэ. Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд “Энэрэл”-ийн хүүхдүүдээ тав тухтай орчинд сэтгэл ханамжтай амьдрах бүхий л бололцоогоор ханган ажилладаг. Гар ариутгах санитол, амны хаалт хэрэгслийг гэхэд зургаан сараар зэхжээ. Хоёр хүүхэдтэй айл багачуулаа сургууль, цэцэрлэгт нь зөөхдөө бачимдан барьц алдаж байхад энэ олон хүүхдийг нааш, цааш нь яажшуухан зөөж зохицуулдаг юм бол гэх бодол эрхгүй төрнө. 12-оос доош насны хүүхдүүдээ нарийн зохион байгуулалт, хуваарийн дагуу сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгч, авдаг гэнэ. Энэ жил хоёр хүүхэд шинээр сургуульд оржээ. Эднийх Мишээл нэртэй хоёр охинтой бөгөөд нэгийг нь том Мишээл, нөгөөхийг нь жижиг Мишээл гэж дуудна. Хичээлийн анхны өдөр багш нь “Миний охины нэрийг хэн гэдэг вэ?” гэж асуухад “Жижиг Мишээл” гэж хариулсан тухай багш нь ярихдаа “Эгэл айлын хүүхэд бол тэрний тэр гэж овог, нэрээ бүтнээр хэлэх байсан даа” гээд аньсага нь чийгтэв. Өнгөрсөн намар таван хүүхэд сургуулиа тун амжилттай төгсжээ. Нэг нь МУБИС, гурван хүү нь Төмөр замын дээд сургууль, нэг нь МУИС-д элссэн байна. “Ер нь манайд 70-аас доош суралцдаг хүүхэд байхгүй” гэж эрхлэгч нь ам бардам ярьсан. Эрдэнэт үйлдвэр “Энэрэл” төвийнхөө оюутнуудын дөрвөн жилийн сургалтын болон дотуур байрны төлбөрийг төлж, хүссэн мэргэжлээ эзэмших боломжоор бүрэн хангадаг. Хэдийгээр асрамжийн газрын нийтлэг журмаар хүүхэд 18 нас хүрээд бие даан амьдрах ёстой боловч “Энэрэл”-ийнхэн ихэнхдээ ажил, амьдралд хөл тавьтлаа эндээ сэтгэл хорогдоно. Амьдрал дээр гараад ч эргэх холбоо тасардаггүй гэнэ. “Энэрэл” төвөөс өрх тусгаарласан олон залуу одоо Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байна. Эхлээд гарсан хүүхдүүд нь 40 хүрсэн идэр залуус болжээ. Тэд дүү нараа эргэж, аль болох тус дэм үзүүлэхийг хичээнэ. “Би сүлжээний инженер юмаа, дүү нартаа компьютерийн хичээл зааж өгөх гэсэн юм”, “Би номын сан байгуулж өгье” гээд л ирдэг гэнэ. Өнгөрсөн зун эднийх аймгийн арслантай болсон. Хоёр настай байхдаа асрамжийн төвд ирж, “Энэрэлийн” гэх хүмүүжлээр төлөвшиж, спортод хөл тавьсан залуу Орхон аймгийн наадамд түрүүлчхээд хамгийн түрүүнд байрандаа ирж багш нартаа хүндэтгэл үзүүлсэн. Дараа нь “Хөдөлмөр” зусландаа  очиж дүү нартайгаа өнжихдөө туниа муутай жаахан хүү байснаа дурсан ярьж хүүхэд багачуудад хүсэл мөрөөдөлдөө хүрэх зорилго тэмүүллийг өгчээ. Ийм л чин сэтгэл, нандин холбоо үл тасарна.   

Нэг өрөөг шагайвал дэрсхэн хоёр том охин саяхан энд ирсэн ой гарантай дүүгээ саатуулан тоглож байна. Нэгийг нь зүс таних. Өнгөрсөн шинэ жилийн баяраар “Энэрэл”-ийн хүүхдүүд авахын хүссэн бэлгээ бичсэн захидлын хариуг Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд хүргэж өгсөн юм. Жаахан охид хүүхэлдэй, нүүр будгийн хэрэгсэл, эрэгтэй хүүхдүүд тоглоомон машин, сагсан бөмбөг, унадаг дугуй гээд хөвөрсөн. Тэр дунд “Шинэ гар утастай болмоор байна” гэсэн хүсэл бичиж, хамгийн том бэлэг авсан охин мөн байв. Жаахан нь харваас тэжээлийн дутагдалтай, асаргаа дутсан нялх “амьтан”. Жижигхэн хөлийг нь үнсэн инээлгэх гэж нэг нь хичээнэ. Нөгөө нь энгэртээ наан эрхлүүлж эгээ ээж нь мэт эвийлнэ. Охидтой цөөн хором ярилцахад хоёулаа сэтгэл зүйчийн мэргэжлээр сурч буй оюутнууд гэнэ. Багаасаа сэтгэлийн зовлон амсаж өссөн болохоор өөртэйгөө адил  хүүхдүүдэд туслах зорилгоор мэргэжлээ ийн сонгожээ. “Ирээдүйн амьдралаа хэрхэн төсөөлдөг вэ?” гэсэн миний асуултад тэр “Сайн ээж болоод элэг бүтэн сайхан амьдарна гэж боддог” гэж хариулсан. Ингэж л тэд нэгэн эхийн хэвлийгээс мэндлээгүй ч заяа тавилангийн эрхээр төрснөөс өөрцгүй эгч, дүүс болж ижилддэг. Дээхэн үед “Энэрэл” төвийн хүүхдүүд 150 хүрч байсан гэдэг. Сүүлийн үед нийгэм өөрчлөгдөж, стандарт яригддаг болсон учраас 60 хүүхдээс хэтрүүлэхгүй барих болжээ. Гэсэн ч жил бүр 3-4 хүүхэд шинээр ирдэг байна. Улсын хэмжээнд нийгмийн хариуцлагатай байгууллагын жишиг тогтоогч Эрдэнэт үйлдвэр “Энэрэл” төвийн хүүхдүүдээ мөрөөдлийн аялалд гаргаж, олон улсын “Найрамдал” зусланд амрааж, Нийслэлд үзвэр үйлчилгээ үзэх боломжоор ханган эрхлүүлдэг. Энэ жил тэдэнд зориулж спорт заал шинээр барьсан. Хэдхэн жилийн өмнө энэ төвөөс гарсан залуус гэр бүл зохиоход Эрдэнэт үйлдвэр хоёр өрөө байр бэлэглэснийг тодхон санаж байна. Уул уурхайн хүнд үйлдвэрийн дэргэд хүүхдэд ээлтэй, хэрэгтэй, тухтай бүхнийг цогцлоосон, энэрэл хайр шингэсэн “ертөнц”-д өсөн хүмүүжиж буй багачууд бүхэн хайр татам байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 3 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 6 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 8 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 9 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 10 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 1 цаг 28 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 1 цаг 30 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 1 цаг 37 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 1 цаг 45 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 2 цаг 25 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 2 цаг 39 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 3 цаг 15 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 3 цаг 16 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 3 цаг 26 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 3 цаг 29 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 18 цаг 21 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 19 цаг 7 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 19 цаг 17 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 19 цаг 19 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 19 цаг 20 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top