Улсын онцгой комисс шуурхай хуралдлаа. Учир нь олон улсын ачаа тээврийн жолооч 21 хоногийн тусгаарлалтаас гараад гэртээ очсон ч жолооч болон гэр бүлийн хүнээс нь короновирусийн халдвар илэрчээ. Лабораторийн шинжилгээгээр баталгаажсан байна.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: "Алтанбулгын боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч хоног тусгаарлагдаад гарсан. Тусгаарлалтаас гарснаас хойш тандалт судалгаа хийхэд, дөрвөн хоногийн дараагаар жолооч болон эхнэрээс коронавирус илэрсэн байгаа. Ойрын хавьтал болох хүмүүсийг тогтоож шинжилгээ авах үйл явц үргэлжилж байна. Тандалт судалгааны ажлууд 2-3 хоногт хийгдэх төлөвлөгөөтэй байна. Эрүүл мэндийн салбар бэлэн байдлаа хангасан байгаа. Цаашдаа ард иргэд маскаа зүүх, гараа ариутгах, хоорондын зайгаа барих зэрэг халдвар хамгааллын дэглэмээ сайн баримтлах шаардлагатай байна. Мөн ковидын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд 119 дугаарт холбогдож хэрхэн хаана үзүүлэхээ тодорхой болгож байж эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэх шаардлагатай байгааг анхааруулж байна" гэлээ.