"Чинээлэг малчин бойжуулах төв" ТББ-ын тэргүүн Л.Одсэр өнгөрсөн зун өгсөн ярилцлагаадаа "Бэлчээрийн мал аж ахуй дээр суурилсан аж ахуйгаас нийгэм эдийн засаг ихээхэн хамаарч байна. Харамсалтай нь уул уурхайн орлого дээр хоорондоо зодолдоод улс эх орон тэр хэмжээгээр хохирол амсаад зовлонгоо эдэлж байна. 90 оноос хойших 30 жилийн хугацаанд ардчилсан нийгэмд шийдэж чадахгүй олон асуудал бий болсон. Эдийн засгийн өсөлтөд мал аж ахуйн салбар 10 гаруйхан хувийн нөлөө үзүүлж байна. Мөн дэлхийн улс орноос ялгардаг өргөн уудам бэлчээр устаж үгүй болох аюул нүүрлээд байна. Үүний шалтгаан нь орлого иргэдийн гар дээр жигд очихгүй байгаад асуудлын гол нь байгаа юм.
Улстөрчид малчдыг ядуу буурай байлгаад саналыг нь тав, арван цаасаар худалдаж аваад, уул уурхайн их орлогоос хулгайлах үйл ажиллагаагаа санаатайгаар явуулж байна. Тиймээс төрийн бус байгууллагаараа дамжуулж иргэдийг орлоготой болгохоос гадна хүчирхэг, худалдагдаггүй сонгогчийг бий болгохыг зорьж байна. Энэ бол нийгмийн олон салбарыг хамарсан бүтээлч ажил гэж ойлгож болно" хэмээн ярьж байв.
Тэгвэл Л.Одсэрийн тэргүүлдэг "Чинээлэг малчин бойжуулах төв" ТББ-аас "Чинээлэг малчин" хөтөлбөрийн хүрээнд "Мон эколэмб" ХХК-тай хамтран үндэсний хэмжээнд хэрэгжүүлж байгаа MONGOLIAN LAMB төслийн нээлт боллоо.
Монгол хурганы махыг дэлхийн брэнд болгох төслийн нээлт "Саруул" худалдааны төвд өчигдөр боллоо.
Нээлтэд төслийн удирдагч Л.Одсэр төслийнхөө хүн амыг эрүүл, эко хүнсээр хангах, малчдын хөдөлмөрийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, улмаар хүрч болох эдийн засгийн үр ашгийн ач холбогдлыг танилцуулав.
Энэ төслийн хүрээнд элдэв тарилга хийгээгүй, химийн найрлага бүхий тэжээл өгөлгүй цэвэр бэлчээрийн нөхцөлд амьдын жинг 34-35 кг жинд хүрсэн хургыг 7-9 сартайд нь нядалж уураг илчлэг сайтай, эрүүл хүнс хэрэглэгчдэд нийлүүлэх аж. Улмаар цаашид экспортод гаргах юм.
Хурганы махыг орчин үеийн тоноглол бүхий үйлдвэрт ангилан болон бүхлээр дэлхийн стандартын жишгээр бэлтгэж нийслэлийн иргэдийн хэрэгцээнд нийлүүлж эхэлжээ.
Нээлтэд УИХ-ын гишүүн, Монголын мах үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Б.Пүрэвдорж, Мал зүйчдийн холбооны тэргүүн, Монгол улсын гавьяат зоотехникч Л.Эрхэмбаяр, Говьсүмбэр аймгийн малчин Мөнхзаяа нар ололцож үг хэллээ.









