Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн оны хоёрдугаар сард БНХАУ-д айлчлах үеэрээ БНХАУ-ын дарга Ши Жиньпинд коронавирусийн халдвартай тэмцэхэд дэмжлэг болгож 30 мянган хонь хандивлах батламж гардуулсан билээ.
Хандивын эхний ээлжийн 16,000 толгой хонийг Зам-Үүдэд аваачин 45 хоног тусгаарласан бөгөөд энэ хугацаа удахгүй дуусах гэж байна.
Тусгаарлалтын 45 хоногийн хугацаанд хонь нэг бүрийг эрүүл ахуйн шинжилгээнд хамруулж, ариутгал халдваргүйтгэл хийж байгаа аж. Харин БНХАУ-ын хилээр гаргаад дахин тусгаарлах эсэхийг хоёр талын ажлын хэсэг шийдэх гэнэ.
Дараагийн ээлжийн 14,000 хонийг голчлон зүүн гурван аймгаас бүрдүүлэх ажил үргэлжилж байна.
Дашрамд дурьдахад, Монгол улсын ерөнхийлөгчийн Хятад улсад хийсэн айлчлалын дараагаас хоёр улсын гүн бат харилцааг хэмжих энэхүү хандивыг дэмжиж аймаг, сумдын засаг дарга болон иргэдээс хонь хандивлахаа илэрхийлсээр байсан юм.