Нийслэлийн Налайх дүүрэгт байрлах эзэнгүй орхигдсон уурхайд 2017 онд нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны харьяат иргэн 19 настай, эрэгтэй С -ын амь насыг хөнөөж, цогцсыг булж хаясан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ.
Цагдаагийн байгууллагаас Онцгой байдлын газарт тухайн иргэний цогцсыг тус уурхайн гүнээс гаргаж өгөх хүсэлтийг тавьсан байна.
Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн алба хаагчид 5 км замыг туулан 16:32 цагт очиж, 2 м3 шороог зайлуулж, 80 градусын налуутай, 71 метрийн гүнтэй малталтаас тухайн иргэний цогцсыг өчигдөр 19:06 цагт гаргаж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, нийслэлийн Цагдаагийн газар, дүүргийн Прокурорын байгууллагаас ирсэн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.