Монгол Улс, Унгар улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн түүхэнд анх удаа МИАТ-ийн “Мөнх хаан Боинг 737-800” агаарын хөлөг Будапешт хотын Лист Фэрэнцийн нисэх онгоцны буудалд 2020 оны Есдүгээр сарын 23-ны өдрийн 11:20 минутад газардлаа.
Энэхүү нислэг нь Унгар улс руу зорчигч тээвэрлэж буй хамгийн анхны нислэг гэдгээрээ онцлог юм.
Унгар дахь Монгол Улсын ЭСЯ-ны мэдээлснээр, УОК-ын шийдвэрээр Улаанбаатар-Будапешт-Франкфуртын чиглэлийн тус нислэгээр Унгар улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцах 127 оюутан, нутаг буцах хүсэлтэй 17 иргэнийг хүргэсэн байна.
Мөн Стипендиум хунгарикум-аар дамжуулан Будапештээс бусад хотод суралцах оюутнуудын их, дээд сургуулиудтай холбогдож, нисэх буудлаас унаа гаргах, тосож авах ажлыг зохион байгуулсан байна.
Дашрамд дурьдахад, одоогоор үндэсний агаарын тээврийн онгоц АНУ-ын Сиатл, Австралийн Сидней, Чехийн Прага хот руу анхны шууд нислэгийг амжилттай үйлдэж иргэдээ эх оронд нь авчирчээ.