x

Х.Баттулга: Шинэ сорилтуудыг даван туулахын тулд шинэлэг, зоримог алхмууд хийх нь чухал байна

АНУ-ын Нью-Йорк хотноо есдүгээр сарын 22-29-ний өдрүүдэд үргэлжилж буй НҮБ-ын Ерөнхий ассамблейн 75 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цахимаар оролцож, есдүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанд үг хэллээ.

Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.


“Ноён Чуулганы дарга аа,

Ноён Ерөнхий нарийн бичгийн дарга аа,

Эрхэм хүндэт төлөөлөгчид өө,

Хатагтай, ноёд оо,

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы даргаар сонгогдон ажиллаж буй Танд чин сэтгэлийн баяр хүргэе. Манай төлөөлөгчид Таныг энэхүү хариуцлагатай ажил үүргээ гүйцэтгэхэд бүрэн дэмжиж ажиллах болно.

НҮБ-ын 75 жилийн ойг гишүүн орнууд бахархалтайгаар тэмдэглэж байна. НҮБ бол олон талт хамтын ажиллагааны хамгийн оновчтой бүтэц юм. НҮБ-ын Дүрмийн үзэл санаан дор дэлхийн улс үндэстнүүд нэгдэж, асуудал, бэрхшээлийг яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны замаар шийдвэрлэх болсон нь аугаа дэвшил билээ.

Хөгжил дэвшилтэй зэрэгцээд сорилт бэрхшээл нарийн төвөгтэй болж, түүнийг шийдвэрлэх, даван туулах үүрэг хариуцлага тэр хэрээр нэмэгдэж байна. Тухайлбал, өнөөдрийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулган дэлхий нийтээрээ КОВИД-19 цар тахлын эсрэг тэмцэж буй цаг үед болж байна.

Бүх зүйл харилцан хамааралтай болсон өнөөгийн ертөнцөд халдварт өвчин хүртэл асар хурдтайгаар тархаж, эдийн засаг, нийгэм, хүмүүнлэг, аюулгүй байдал, хүний эрх зэрэг олон талбарт сөргөөр нөлөөлж байна.

Анагаах ухаан маш өндөр түвшинд хөгжсөн XXI зуунд хүн төрөлхтөн цар тахлын аюулд гэнэдэж, гамшгийн түвшинд өртөж байгаа нь асар том сургамж, сануулга болж байна. Хүнд хэцүү үед олон талт хамтын ажиллагааны үүрэг улам өсөж, эв нэгдэл, хамтын ажиллагаанд суурилсан, илүү уялдаатай, үр дүнтэй хариу арга хэмжээг цаг алдалгүй авах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулах, хэрэгжүүлэх зорилт тулгарч байна.

Ковид-19-ийн эсрэг баталгаатай вакцин гарах үед хөгжиж буй болон нэн буурай хөгжилтэй орнууд, хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настнууд, уугуул иргэд зэрэг нийгмийн эмзэг бүлгүүдэд тэгш, хүртээмжтэй түгээхэд НҮБ, түүний системийн байгууллагууд асар их үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй.

Хөрөнгө нөөц багатай, нийгмийн хамгааллын тогтолцоо султай хөгжиж буй орнуудад аюулт цар тахалтай тэмцэх, сэргээн босгоход зориулж буй тусламж дэмжлэгээ үргэлжлүүлэхийг олон улсын санхүүгийн байгууллагууд, өндөр хөгжилтэй орнуудад уриалж байна.

Ноён Дарга аа,

Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх үйл ажиллагааны арван жил эхэлж буй энэ жил дэлхий даяар КОВИД-19 цар тахлын хязгаарлалт, хорио үйлчилж, учирч байгаа саад бэрхшээлийг ужигруулан, 2015 оноос хойших ахиц, дэвшлийг зарим талаар ухраах эрсдэл үүслээ. Тиймээс төр, засгийн газрууд цар тахлын аюулыг гэтлэх тухайд зоримог алхам хийж, “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн зорилтуудад хүрэхийн төлөөх хүчин чармайлтаа нэмэгдүүлэх, үүрэг, үйл ажиллагаагаа шинэлэг, уян хатан байдлаар хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Монгол Улсын хувьд цар тахлын аюул, хүндрэлийг хохирол багатай даван туулахын тулд өөрийн хүчин чадал, нөөц бололцоог дайчилж, бусад улсын туршлага, сургамжийг анхаарч ажилласны дүнд Ковид-19-ийн халдварыг дотооддоо алдалгүй барьж, хүний амь эрсдээгүй байна.

Дэлхий дахинд харанга дэлдсэн цар тахал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг нь хүн төрөлхтнийг эх дэлхийгээ хайрлах, байгаль орчинтойгоо зохицон аж төрөх гарцаагүй шаардлагыг сануулсаар байна. Байгаль дэлхийгээ шүтэн эрхэмлэж, хайрлан хамгаалах уламжлал нь монголчуудын нүүдэлчин аж амьдрал, үндэстний сэтгэлгээний салшгүй хэсэг билээ.

Хүн байгалийн харилцан хамаарал бол хүн төрөлхтөн та бидний оршихуйн эх булаг билээ. Өнөөг хүртэл байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө сөхрөхгүйн тулд бид чадах бүхнээ хийж ирсэн боловч бидний тэмцэл байгальтай зохицохын тулд бус, ялахын төлөө тэмцэл байсан юм. Ялахын төлөөх тэмцэл нь ялагдахын шалтгаан, зохицохуйн төлөөх тэмцэл нь оршихуйн үндэс болдог болохыг бид өдөр ирэх тусам мэдэрсээр байна.

Эдүгээ дэлхий даяар нүүрлэсэн цар тахлын үед халдвар Монгол Улсын хэмжээнд дотооддоо тархаагүй цөөхөн орны нэг байгаа нь биднийг зарим талаар байгаль дэлхийтэйгээ зохицон аж төрсөн уламжлалтайгаа холбон үзэхэд хүргэж байна. Бид технологийн хөгжилд дулдуйдан эх дэлхийгээ эзэрхэх бус, эвсэн эвлэлдэхийн төлөө оюун ухаан, хүчин чадлаа нэгтгэмээр байна.

Байгаль дэлхийг хамгаалах, хувь хүн бүр эх дэлхийдээ ээлтэй амьдрах нь улс орнууд болон хүн төрөлхтөний ирээдүй үеийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлага болоод байна.

Ноён Дарга аа,

Өнгөрсөн 75 жилд НҮБ дэлхийн үндэстнүүдийг нэгэн дээвэр доор нэгтгэж, хөгжил дэвшлийн зүг залуурдах үүрэг, хариуцлагаа хангалттай биелүүлж ирлээ. Гэхдээ олон улсын харилцааны шинэ сорилтуудыг даван туулахын тулд өөрчлөгдөн буй нөхцөл байдалтай илүү уялдах, үйл ажиллагаагаа илүү боловсронгуй болгох, арга барилаа өөрчилж шинэчлэх хэрэгцээ, шаардлага тулгарч байгаа бөгөөд энэ чиглэлээр цаашид улам бүр шинэлэг, зоримог алхмууд хийх нь чухал байна.

Эх дэлхий, хүмүүн төрөлхтний амар тайван, сайн сайхны төлөө илүү боловсронгуй НҮБ-ыг хамтдаа бүтээж, хамтдаа хөгжиж дэвшицгээе.

Анхаарал хандуулсанд баярлалаа” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн саяхан III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 14 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 17 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 2 цаг 23 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 2 цаг 25 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 2 цаг 27 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 2 цаг 29 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 2 цаг 30 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 3 цаг 48 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 3 цаг 50 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 3 цаг 57 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 4 цаг 5 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 4 цаг 45 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 4 цаг 59 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 5 цаг 35 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 5 цаг 36 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 5 цаг 46 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 5 цаг 49 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 20 цаг 41 мин “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар Сүхбаатарын Мөнхсүхийг томиллоо 21 цаг 9 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top