УОК-ын Шуурхай штаб, ЭМЯ болон Гадаад харилцааны яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Мөн ирэх аравдугаар сард хийх тусгай үүргийн нислэгийн урьдчилсан хуваарийг танилцууллаа.
Өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж хил хааснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 81 улсаас 22,191 Монгол Улсын иргэнийг эх оронд нь авч ирээд байна. Эдгээрийн 15,685 иргэн нь агаарын замаар, 6,496 нь авто замаар иржээ.
ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг: "Аравдугаар сард хийх тусгай үүргийн нислэгийн хуваарийг Шадар сайд бөгөөд УОК-ын даргад танилцуулан батлуулсан. Урьдчилсан хуваарийг өнөөдөр танилцуулж байна. Энэ хуваарийг эх орондоо ирэхээр хүсэлт гаргасан иргэдийн тоонд тулгуурлан гаргасан.
Өнөөдрийн байдлаар гадаадад байгаа 10,600 орчим иргэн нутаг буцах хүсэлт гаргасан. Гэхдээ бид энэ мэдээллийг бүх ЭСЯ, Консулын газраараа дамжуулан нягталж байна. Зарим иргэд 11, 12 сард буцна гэж хүсэлтээ хойшлуулж, зарим нь буцахаа болилоо гэж байгаа учир 10,600 гэдэг тоо бодитой биш байна. Нутаг буцах хүсэлт гаргасан иргэдийн 5200 гаруй нь БНСУ-аас буцах иргэд байгаа учир Сөүл хот руу 7 удаагийн нислэг хийхээр төлөвлөсөн" гэлээ.
Аравдугаар сард хийх тусгай үүргийн нислэгийн урьдчилсан хуваарь:
-
Аравдугаар сарын 4-5-нд Нурсултан-Улаанбаатар;
-
Аравдугаар сарын 8, 12, 17, 18, 19, 20-ны өдөр Сөүл-Улаанбаатар;
-
Аравдугаар сарын 16-ны өдөр Сөүл-Улаанбаатар транзит;
-
Аравдугаар сарын 10-ны өдөр Токио-Улаанбаатар;
-
Аравдугаар сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар транзит;
Харин АНУ-ын Сиатл хот руу нэг нислэг төлөвлөж байгаа ч хугацаа нь батлагдаагүй байгаа гэв.



